Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригийн улмаас Оросын зах зээлээс Европ, Япон, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид гарсан.
Эдгээрийн оронд Хятад улс Оросын зах зээлийн гол нийлүүлэгч болсон юм.
Тэгвэл 2023 онд Хятад улс дэлхийн хамгийн том автомашин экспортлогчийн титмийг Япон улсаас булаасан тухай The Wall Street Journal сонин өчигдөр мэдээлжээ.
Үүнд Оросын зах зээл дэх өсөлт голлон нөлөөлсөн байна.
2022 онд Оросын зах зээлд 160,000 автомашин нийлүүлж байсан Хятадын үйлдвэрлэгчид 2023 онд үүнээс тав дахин их буюу 800,000 бүтээгдэхүүн нийлүүлжээ.
Нийтдээ Хятадын үйлдвэрлэгчид өнгөрсөн онд дэлхий даяар 5.26 сая автомашин экспортолсон нь Японы үйлдвэрлэгчдийн экспортоос нэг сая орчмоор илүү гарсан байна.
2022 оноос 2023 оны хооронд Хятадын экспорт хоёр сая автомашинаар нэмэгдсэний 800,000 нь Оросын зах зээлд оногджээ. Оросын экспортоор тэргүүлсэн Хятадын үйлдвэрлэгч Cherry болсон байна. Тус компани 2023 онд нийтдээ 900,000 автомашин гадаад зах зээлд гаргажээ.
Үүнээс гадна Хятадын дотоод зах зээлийн борлуулалт өнгөрсөн онд сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр өссөн нь цахилгаан автомашины хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
Тухайлбал BYD компани өнгөрсөн оны сүүлийн улиралд Илон Маскийн Tesla-г ардаа орхиж, дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болжээ.
Хэдийгээр Хятадын үйлдвэрлэгчид амжилттай ажиллаж байгаа ч Оросын зах зээлийн эрэлт дайны өмнөх үетэй харьцуулахад буурсан гэж судлаачид үзэж байна.
Тухайлбал үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл, нийлүүлэлтийн тасалдал зэргийн улмаас Оросын автомашин борлуулалтын хэмжээ дайны өмнөх үеийнхээс дөрөвний нэгээр буурсан гэж Йелийн их сургуулийн судлаачид тооцоолсноо өнгөрсөн оны долдугаар сард танилцуулж байв.
Эх сурвалж: Business Insider