Оросын онлайн худалдааны хамгийн том компани Wildberries-ийн Санкт-Петербург дэх агуулахад өчигдөр асар их хохирол учруулсан гал түймэр гарчээ.
“Гал түймэр нийтдээ 70,000 метр квадрат талбайг хамарлаа” гэж ОХУ-ын онц байдлын яамны төлөөлөгч Игорь Улубиков мэдээлсэн байна. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаар уг мэдэгдэлд дурдаагүй юм.
Wildberries компанийн бараа захиалгын бараг 9 хувь энэ агуулахаас ачигддаг байсныг РИА Новости агентлаг салбарын мэргэжилтний өгсөн тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.
Тус компанийг Оросын хамгийн баян эмэгтэй гэгддэг, солонгос гаралтай Татьяна Бакальчук эзэмшдэг юм. 2004 онд хүүхэд төрүүлээд гэртээ байсан Бакальчук мэдээллийн технологийн мэргэжилтэн нөхөр Владиславын хамт Wildberries компанийг байгуулсан гэдэг.
Тэр үеэс хойш энэ компани эрчимтэй томорч, зөвхөн ОХУ-аар зогсохгүй, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын зах зээлд амжилттай нэвтэрсэн юм.
Эх сурвалж: AFP