Украины арми Оросын чухал дэд бүтэц, цэргийн байгууламжуудад өгөх цохилтын тоогоо нэмэгдүүлж болзошгүй талаар тус улсын Цэргийн тагнуулын газрын дарга Кирило Буданов хэллээ. Энэ нь баттай төлөвлөгөө бус таамаг төлөвлөгөө аж.
Украины арми өнгөрсөн сард ОХУ-ын Краснодар, Брянск, Орел, Ленинград зэрэг мужийн газрын тосны агуулахуудад олон удаа нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өгсөн.
Эдгээр халдлагын ард Украин байгаа гэдгийг Буданов шууд хүлээн зөвшөөрөөгүй ч “оролцсон байх боломжтой” гэж мэдэгджээ.
Ийм цохилт нь “Оросын цэргийн хүчин чадал, аж үйлдвэрийн дэд бүтцэд нөлөөлөхөөс гадна Оросын энгийн иргэдэд өргөн цар хүрээтэй дайны бодит байдлыг харуулж байна. Тэд эцэст нь дайны бодит дүр зургийг хардаг. Тэд шатаж буй нефтийн агуулахууд, үйлдвэр, нурсан барилгуудыг харж байгаа” гэж Буданов хэллээ.
Будановын хэлснээр Украин, Орос хоёр нисгэгчгүй онгоцны хүчин чадлаараа төстэй. Гэхдээ ОХУ их буу, сумны хувьд ихээхэн давуу талтай аж. ОХУ дор хаяж нэг сая ширхэг сум, ойрын тусгалтай баллистик пуужин болон бусад зэвсгийг Хойд Солонгосоос авсан байж болзошгүй. Харин Украины хувьд барууны холбоотнуудаас орчин үеийн их бууны систем хүлээж авсан боловч Европын холбооноос нийлүүлэх нэг сая сум ирээгүй тул хомсдол улам бүр нэмэгдсээр байна.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT