Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах “Интернэйшнл” зочид буудалд түр байрлаж буй. Нийслэлээс түрээсийн байр хөлслөх санхүүжилтийг нь одоогоор шийдээгүй байгаа бөгөөд зарим оршин суугчид нь байраа түрээсэлж эхэлсэн гэдгийг оршин суугчдын төлөөлөл мэдээллээ.
Оршин суугчдын хувьд нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 207 дугаар байрны оршин суугч О.Ганболд “Оршин суугчид эхнээсээ түрээсийн байр хайгаад орж байна. Манайх бас байраа хайж байан. Нийслэлээс одоогоор байрны түрээсийн зардлыг шийдэж өгөөгүй ч иргэд учир байдлаа хэлээд, байраа түрээсэлж байгаа. Оршин суугчид төлөөлөл 17 хүнийг сонгож, даатгал болон бусад асуудлаа шийдэхээр хууль зүйн тусламж авч байгаа” гэв.
Иргэдийн амьдарч байсан байрны м.кв-аас хамаарч, хамгийн дээд тал нь гурван өрөө байртай иргэдэд хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох чиглэлийг албаныхан өгчээ. Тэр мөнгөнд таарах түрээсийн байр олдох уу, орон гэр шигээ тав тухтай байж чадах уу гэж оршин суугчид эргэлзэж байгаагаагаа хэлж байсан юм.
“ДААТГАЛЫН КОМПАНИУД УДААШРАЛТАЙ БАЙГАА УЧРААС СЗХ-НД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ”
Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад “Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгө төгрөгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.
Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.
Оршин суугчид хэнд хандаж, яаж хохирлоо барагдуулахаа сайн мэдэхгүй байна. Тэгэхээр миний хувьд хууль зүйн тусламж үзүүлж буй. Нийт гарсан хохирлыг хоёр янзаар барагдуулж болно. Даатгалтай хүмүүс нь даатгалаараа, даатгалгүй хүмүүс нь хохирогчоороо. Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна.
Миний хувьд даатгалын компаниуд харьцангуй удаашралтай байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороонд шаардлага хүргүүлэх гэж байна.
Хохирсон иргэд даатгалын компанитай уулзана гэхээр бичиг баримт нь галд өртсөн байдаг. Олон улсын жишиг бол даатгалын систем. Гадаадын иргэд бүх зүйлээ даатгадаг. Монголчууд даатгалын ач холбогдлыг мэддэггүй. Даатгал хийлгэсэн ч даатгалын компаниуд нь мөнгө төгрөгөө олгохдоо удаан, өгдөггүй. Тиймээс би даатгалын компаниуд нэр хүндээ өсгөх боломж шүү гэдгийг уриалж байгаа. Нийгэмд ач холбогдлыг нь ойлгуулах боломж шүү дээ” гэсэн юм.