Балтын тэнгис дэх Оросын газрын тосны экспортын терминал нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртсөн тул үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоохоос өөр аргагүй болсныг тус улсын эрчим хүчний “Новатек” компани мэдэгдлээ. Халдлагын улмаас хоёр агуулах сав, нэг шахуургын станц эвдэрсэн.
Санкт-Петербург хотоос баруун тийш 170 км зайд, Финландын буланд байрладаг Усть-Луга цогцолбор нь газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлдэг томоохон терминал юм. Тус цогцолборт хөнгөн газрын тосыг хөнгөн ба хүнд нафта, керосин, дизель түлш болгон боловсруулж, далайгаар тээвэрлэдэг. Эх сурвалжийн мэдээлснээр Усть-Луга цогцолбор нь дайсны хувьд чухал байгууламж аж. Усть-Лугад хохирол учруулах нь Орост эдийн засгийг хохироогоод зогсохгүй армийн түлшний логистикийг ихээхэн хүндрүүлэх юм.
Энэ тасалдал хэр удаан үргэлжлэх, боомтын гадаа хэдэн танкер сул зогсох, олон улсын эрчим хүчний зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна.
Халдлагатай холбоотойгоор Ленинградын ойр орчмын дэд бүтцийн чухал объектуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн илрүүлсэн нисгэгчгүй нисэх онгоцыг устгах тушаалыг аюулгүй байдлын алба болон хууль сахиулах байгууллагуудад өгсөн байна.
Ленинград мужийн амбан захирагч Александр Дрозденкогийн хэлснээр Усть-Лугад хүний амь эрсдээгүй бөгөөд бүх ажилтанг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Нисгэгчгүй нисэх онгоцны халдлагыг Украины аюулгүй байдлын албаны явуулсан тусгай ажиллагааны үр дүн гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Хэрвээ таамаглал үнэн бол энэхүү халдлага нь Украины Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадварын ахиц дэвшлийг харуулна гэж үзэж байна. Цаашилбал, дэд бүтцийн гол байгууламжуудын эргэн тойронд байгаа Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн чадавхийг харуулна.
Эх сурвалж: REUTERS