Ирэх жилийн гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд сэтгүүлч асан, Украины дайныг эсэргүүцэгч Екатрина Дунцова өрсөлдөх хүсэлтээ ОХУ-ын Сонгуулийн төв хороонд өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус хороо өнгөрсөн бямба гарагт /2023.12.23/ Дунцоваг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөөгүй байна. Сонгуулийн төв хорооны гишүүд түүний сонгуульд өрсөлдөх хүсэлтийн баримт бичигт олон тооны зөрчил байгаа гэх шалтгаанаар Дунцоваг нэр дэвшүүлэхээс татгалзжээ.
Ирэх жилд болох сонгууль нь Украины дайны эхэлснээс хойших анхны сонгууль юм. Кремлийг шүүмжлэг нар Дунцоваг өрсөлдөхийг зөвшөөрөөгүй явдал нь сөрөг хүчний үзэл бодолтой хэн ч Путиний эсрэг ирэх гуравдугаар сард зогсох боломжгүй гэдгийг харууллаа гэсэн байна.
ОХУ-д сөрөг хүчний удирдагч гэж хэлэхээр хүн байхгүй. Алексей Навальный шоронд 30 жилийн хорих ял эдэлж байгаа. Бусад олны танил Кремлийг шүүмжлэгчид шоронд орж эсвэл баривчлагдахаас зугтан гадаадад орогнож буй. Ийм учраас Дунцова сөрөг хүчнийг төлөөлөх боломжтой ганц хүн байсан гэж мэргэжилтнүүд үзэж байв.
Тэгвэл Путинийг шүүмжлэгч, Борис Надеждин нэртэй улс төрчийг Иргэний санаачилга нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.
Кремлийн зүгээс Путинийг нийгмээрээ дэмждэг тул түүнийг ялалт байгуулна гэж мэдэгдсэн. ОХУ-д явуулсан олон нийтийн санал асуулгаар иргэдийн 80 орчим хувь нь Путинийг дэмждэг гэж гарсан.
Дунцова өөрийн Телеграм хуудсаар дамжуулан өрсөлдүүлэхээс татгалзсан саналыг үндэслэлгүй, ардчилсан бус хэмээж Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.