Хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын тоглолт болж 88:80-ын харьцаатайгаар IHC Apes хожлыг авсан. Тус тоглолтын үеэр хожил авсан багийн эзэн О.Мөнхжин талбайд ёс бус үг хэллэг хэлж, эсрэг багийнхаа дэмжигчид рүү дунд хуруугаа гаргасан үйлдэл нь спорт сонирхогчдын дургүйцлийг төрүүлээд байна. Түүний энэ үйлдэл хоёр дахь удаагийнх бөгөөд одоогоос жилийн өмнө энэ үйлдлээ мөн тус багийн дэмжигчдийн эсрэг гаргаж байсан юм.
Тэрбээр шүүгчид нэг талыг барьж шүүсэн гэх үндэслэлээр уурсах болсон шалтгаанаа тайлбарласан бөгөөд тухайн тоглолтыг бурхан болсон найзынхаа дурсгалд зориулсан байсан учир сэтгэл санаа тогтворгүй байлаа хэмээн тайлбарласан юм. Харин түүний энэ үйлдэлд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тухайлбал, “Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг баг, хамгийн олон аварга, хамгийн удаан оршин тогтносон багийг О.Мөнхжин гэх залуу доромжилж, сошиал дээр гүтгэн дайрч байгаад гүнээ харамсаж байна. “Ноёны бөх”, “Эзний баг” гэхчлэн дайрч доромжлон шүүлт эзний багийн талд байна гэх зэрэг үгсийг чулуудаж байгаа нь энэ спортод сэтгэл зүрхээ өгч яваа жирийн тамирчин, багийн удирдлагууд цаашлаад холбооны нэр хүндэд хүртэл бүдүүлгээр халдаж буй хэлбэр юм. Өнгөрсөн бүх хугацаанд О.Мөнхжин нь чамгүй олон дэмжигчтэй шинэлэг маркетингтай сайн багийг босгож ивээн тэтгэж байгааг 100 хувь хүлээн зөвшөөрч сайшаалтай байгааг энд хэлмээр байна.
Гэвч ривал, өрсөлдөөн, сошиал нөхөрсөг дайралт гэх зэрэг үгсээр халхавчлан буурал түүхт том багийн эсрэг гүжир гүтгэлэг, доромжлол үйлдээд байгааг нь зүгээр хараад сууж чадахгүй. Спортод ялалт ялагдал байх л ёстой зүйл. Хожиж хожигдож сурах нь ч нэг хэсэг. Харин энэ хэм хэмжээсийг зарим нэг саваагүй хүмүүс мэддэггүй бололтой. Хамар доорх хагархай гэсэн шиг тоглолт бүр дээр шүүгчид, багийн тоглогчид, дасгалжуулагчид руу орилж хашгирч, сошиалд элдэв худал зүйлс бичих нь хэрээс хэтэрч байна. Өчигдрийн тоглолтод манай баг болохгүй болоод л хожигдсон. Бид алдааг өөрсдөөс хайдаг” зэргээр сэтгэгдлээ илэрхийлээд байна.