Ромын Пап Францис ням гарагт /2023.12.24/ хийсэн массын үеэр мэндчилгээ дэвшүүлж, Есүс Христийн төрсөн нутагт дайны улмаас энх тайван живж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.
Католик шашинтууд долоо хоног бүрийн ням гарагт масс хийдэг. Массын үеэр номлогч нар сургаал айлдаж, сүсэглэн шүтэх үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн долоо хоногийн масс нь Зул сарын өмнөх өдөр тохиосноороо онцлог байсан юм.
Гэгээн Петрийн сүмд болсон тус массын үеэр Францис “Өнөө шөнө бидний зүрх сэтгэл Бетлехем хотод төвлөрлөө. Тэнд хий хоосон дайны логикийн улмаас хүмүүс дахиад л амар амгалангийн хунтайжаас (Есүс) татгалзаж байна” гэж хэлжээ.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурваст илүү гүн нэвтэрч, байлдах болно гэж хэлснээс хэдхэн цагийн дараа Зул сарын масс явагдсан аж. Палестины Аялал жуулчлалын сайд Рула Мааяа “Газын зурвас болон Баруун эрэг, Палестины бүх нутаг дэвсгэрт болж буй үйл явдлаас болж Бетлехем хот Зул сарын баярыг уйтгар гунигтайгаар тэмдэглэж байна” хэмээсэн юм.