-Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо өндөр байна. Төрийн өмчийн компаниудын тоо нэмэгдсэн нь эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж байна вэ. Учир нь та энэ талаар багагүй шүүмжилдэг?
-Монголчууд 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл энэ шилжилт бодит байдал дээр явагдаж чадсан уу гэвэл зөвхөн гацаанд орсон байна.Төрийн худалдан авалт, төрийн бизнес дэх оролцоо өндөр байгаа нь зах зээлийн эдийн засаг жам ёсоороо хөгжих үүд хаалгыг боомилж байна. Өөрөөр хэлбэл, иргэд хувийн өмчтэй болж, хувийн бизнесүүд хөгжиж, шинэ нээлт, шинэ бүтээмж гаргаж чадахгүй байна.
-Тэгвэл төрийн өмчийн мэдэлд байгаа компаниудыг үр ашигтай ажиллуулах олон нийтийн хяналтанд оруулахын тулд юу хийх ёстой гэж. Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл төрийн өмчид үүрлэсэн хулгай, луйврын асуудал хурцаар хөндөгдөж байна?
-Төр, хувийн хэвшлийн хийж чадах, хийж байгаа бизнестэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулна гэдэг бол хамгийн буруу тогтолцоо. Тиймээс хувийн хэвшил хийж чаддаг бүх төрлийн бизнес хийж байгаа бол тэр бүгдийг иргэд, олон нийтэд хувьчилж, олон нийтийн нээлттэй компани болгож, зах зээлээ чөлөөлөх ёстой. Үүний үр дүнд авлига хулгай эрс буурна. Учир нь, энэ төрд их хулгай байна. Төрд маш их бизнес, эрх мэдэл, мөнгө байгаа учраас л бүх хүмүүс тийшээ бизнес хийх гэж, мөнгөтэй болох гэж тийшээ хүчтэй урсгал лобби явагдаж байна. Үүнийг бид таслан зогсоосноор зээлийн хүү, үнийн өсөлт буурч аажимдаа эдийн засгийн урт хугацааны хөгжлийг хангах зүй тогтол руу шилжинэ. Жинхэнэ зах зээлийнхээ зарчмыг үр өгөөжийг хүртэх боломж эндээс л гарч ирнэ.
-Бизнес эрхлэгчдаас хүсдэг ганц зүйл нь төр тогтолцоо, бодлого, засаглалын ил тод байдал. Түүнээс бусдаар бизнесийн үйл ажиллагаа руу төр битгий орооч гэдэг. ТэгтэлМмонголын төр эсрэгээрээ илүү их энэ данхар, том бүтэцийг бий болчихоод байна. Энэ асуудал дээр бусад орнуудын сайн туршлага юу байна?
– Төрийн эдийн засагт оролцох оролцоо гэдэг нь өөрөө ямар түвшинд байх юм гэдэг нэг асуудал байна. Төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгаж чадвал бизнес өөрөө хөгжинө гэсэн үг. Жишээлбэл, хүүхдийг тийм ч юм хийж болохгүй, ийм ч юм хийж болохгүй гээд үргэлж харж хянаад, цагдаад, зааж зөвлөөд байвал тэр хүүхэд баригдмал, биеэ дааж юм хийж чаддаггүй. Бизнес, эдийн засаг өөрөө яг л ийм.
Төр бүх зүйлийг хянана, ямар нэгэн байдлаар бүх зүйлд оролцоно, тэгээд ялангуяа төр бизнес хийнэ гэх юм бол эдийн засгийн зах зээл хөгжихгүй. Үргэлж баригдмал, боогдмол бүх зүйлээс хараат байдалтай байна гэсэн үг.
ТӨРД ХИЙХГҮЙ БИЗНЕС АЛГА. ИЙМ ТОХИОЛДОЛД БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ҮРГЭЛЖ ХУМИГДАНА
-Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2022 оныхоос есөн байраар ухарсан үзүүлэлттэй гарлаа. Үүний үндсэн шалтгаан нөхцөл юу вэ?
-Эдийн засгийн эрх чөлөөг 12 үзүүлэлтээр дүгнэдэг. Энэ дотор хуулийн хэрэгжилт, авлигын түвшин, Засгийн газрын оролцооны түвшин гэх мэт үзүүлэлтүүд багтдаг. Энэ бүх үзүүлэлтүүд Монголд маш өндөр байгаа учраас эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт дэлхий дээр ухраад байна. Өөрөөр хэлбэл, манайд төрийн оролцоо маш их байна, төр маш их бизнес хийж байна гэсэн үг. Хэдхэн жилийн өмнө тухайн үед Ерөнхий сайд байсан, одоо Ерөнхийлөгч болсон хүн “Намайг байгаа тохиолдол зах зээл гэж байхгүй шүү. Төрийн оролцоотой эдийн засаг л гэж бий” гэж зарлаж байсан. Гэтэл тэр үетэй харьцуулахад өнөөдөр эдийн засгийн эрх чөлөөний байдал улам ухарч байна. Монголд маш олон хууль байна, бизнесийг зохицуулах гэсэн маш олон журам байна.
Төрд тээвэр, зочид буудал, ресторан гээд хийхгүй бизнес алга. Ийм тохиолдолд бизнесийн эрх чөлөө үргэлж хумигдана.
Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжсэн шиг шилжмээр байна. Дэлхийн улс орнууд зах зээлийн эдийн засагт шилжсэн үедээ хамгийн өндөр хөгжлийг үзүүлж байсан. Энэ шилжилтэд монголчууд маш ойрхон байгаа тийм учраас одоо орсон шиг ормоор байна.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд зөвхөн цаасан дээр л зах зээлийн эдийн засаг руу шилжинэ гээд биччихсэн. Яг бодит байдал дээр шилжиж чадаагүй ийм л нөхцөлтэй явж ирлээ.
-Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бол өндөр байна.Гэтэл ҮСХ-ноос танилцуулж байгаа мэдээллээр инфляци тогтмол буурч байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Бодит амьдрал, статистикийн байгууллагын зөрүүтэй мэдээллийн шалтгааныг юу гэж харж байна?
-Энэ өсөлтийн үндсэн шалтгаан бол төр бизнес хийх болсонд оршиж байгаа юм. Ахиад л төр бүх зүйлд оролцоод байгаа учраас бизнес өөрийнхөө зарчмаар явж чадахгүй байна. Үнийн өсөлтийг бууруулахын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэтчилэн татвар төлөгчдийн мөнгөнөөс маш их мөнгө зарцуулсан. Гэвч хэрэгжүүлсэн хөтөлбөр нь дууссан эцсийн дүндээ үнэ өссөн. Жил тутамд ойролцоогоор нэг бараа бүтээгдэхүүн нэг 10-20 хувь өсч байна. Харин эдийн засгийн өсөлт нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гүйцдэггүй.
Инфляци мөнгө хэвлэх, сонгууль угтсан бэлэн мөнгөний амлалтууд, үр ашгаа өгдөггүй байшин барилгын хөрөнгө оруулалтуудаас үүдсэн.
Энэ бүх зардлын өсөлт үнийг хөөрөгдөж байна. Энэ бүх зүйлээс татгалзахын тулд эрс өөрчлөлт хийх тийм цаг үед тулсан байна.
-Яах ч аргагүй сонгуулийн жил тохиож байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гарсан. Түүнчлэн цагаан сарын өмнө ЭТТ ХХК-ийн ногдол ашиг тараах асуудал яригдаж байна.Тэгэхээр энэ бүх бэлэн мөнгөний нийлүүлэлт эргээд иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ?
-Өнөөдөр иргэд бэлэн мөнгө тараахыг шаардаж байна. Иргэд хувьцаа эзэмшиж байгаа бол хувьцааныхаа ногдол ашгийг хагас жил тутам ч юм уу, жил тутам авах хүсэлтэй байгаа. Авах ч ёстой. Гэтэл иргэдийн хувьцааны ногдол ашгийг олон жил олгохгүй, өөр зүйлд захиран зарцуулж, хойшлуулж байгаад яг сонгуулийн жил өгнө гэдэг бол асуудал. Бараа бүтээгдэхүүний үнэ ирэх намар яаж өсөхийг таашгүй.
Нэг талаас иргэд, сонгогчдод эдийн засгийн өгөөж хүртээж, бэлэн мөнгө тарааж байгаа мэт харагдаж байгаа боловч эргээд учрах хор уршиг нь үнийн өсөлт байх болно.
Эдийн засагтаа хор хөнөөл учруулна. Эргээд харахад 2012 оны сонгуулийн жилтэй адилхан дүр зураг харагдаж байна. Тухайн жил дөнгөж эхэлж байхад 1 сая төгрөг, сая 500 мянган төгрөг гэх мэт маш их хэмжээний мөнгийг өр тавиад тараасан. Түүний хор уршиг олон жил үргэлжилж байгаа. Гэтэл энэ алдааг дахиад 12 жилийн дараа дахин давтах гэж байна.
-Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү өндөр байгаа учраас түүнийг дагаад зээлийн хүү буурахгүй байна. Зээлийн хүүг бууруулахын тулд ер нь бид юу хийх ёстой вэ?
-Зээлийн хүү яагаад өндөр асуудал нэлээн их олон жил яригдаж байгаа. Зээлийн хүүг бууруулах стратеги 1, 2 ч гээд баталж байсан. Олон нийтийн зүгээс хадгаламжийг хүүг буруутгадаг. Гэтэл Монгол Улсын зээл, зээлжих зэрэглэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, манайх маш өндөр эрсдэлтэй орон гэсэн үг. Өндөр эрсдэлтэй оронд гаднаас олгож байгаа бонд болон бусад зээлүүд маш өндөр хүүтэй олгогддог. Энэ өндөр хүү дээр нэмээд жил болгон өсөж байгаа инфляци, үйл ажиллагааны зардлаа нэмдэг. Ингэхлээр яах аргагүй зээлийн хүү өндөр болчихоод байн. Зээлийн хүүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь бол зээлжих зэрэглэлийн асуудал. Зээлжих зэрэглэлээ цааш нь нарийн судлаад үзэхлээр ахиад л зах зээл дэх төрийн оролцооны үр дагавар гарч ирнэ. Үүнд авлигын асуудал өндөр нөлөө үзүүлдэг.
Тиймээс зах зээлээ чөлөөт зах зээлийн зарчмаараа явуулах юм бол зээлжих зэрэглэл сайжирна.
Өөрөөр хэлбэл, зжжлуих зэрэглэл сайжраад ирвэл хүссэн хүсээгүй энэ зах зээл дээр урт хугацаатай, хүү багатай гадаад зээлүүдийг авч чаддаг болно.Гадны маш олон их хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Үүнийг дагаад зах зээл тогтворжино,зээлийн хүү дагаад буурна гэсэн үг. Харин өнөөдрийнх шиг ийм нөхцөлд байх юм бол зээлийн хүүг ямар нэгэн аргаар бууруулж чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл.
Энэ асуудлыг бодит ажил болгоё гэвэл бүгдээрээ зах зээлээ чөлөөлье, төрөө цомхон болгоё, төр бизнес хийхээ больё.
Монгол Улс саарал жагсаалтаас гараад 1-2 жил болох гэж байна. Саарал жагсаалт гэдэг бол бидэнд өгч байгаа том сигнал гэсэн үг. Ковидын үед доошоо уначихсан эдийн засаг эргээд ямар ч тохиолдолд өснө. Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлд олон ажил хийсэн. Тийм учраас одоо манай зээлжих зэрэглэл хэвийн түвшиндээ байна. Хамгийн их оноо алдаад байгаа зүйлүүд бол төрийн оролцоо. Төр их бизнес хийж байна авлига, хулгайн асуудал ерөөсөө тасрахгүй, буурахгүй, хуулийн хэрэгжилт тааруу бүх шатанд нь хулгай нүүрлэсэн байна. ЖДҮ, Хөгжлийн банк, ногоон автобус гээд маш олон төрлийн хулгайн асуудал хөндөгддсөн ч одоогоор хуулийн хариуцлага, санхүүгийн хариуцлага хүлээсэн ийм эрх мэдэлтэй алга. Тиймээс энэ бүх зүйлүүд монголын эдийн засгийн, хуулийн, тогтолцооны үнэлгээнүүдийг унагааж эдийн засгийн өндөр эрсдэлтэй орны тоонд оруулж байна.
Магадгүй энэ олон хулгай, луйврын асуудлаа шийдэж чадахгүй бол монголын зээлжих зэрэглэл дахиад л доошилж магадгүй.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХУРИМТЛУУЛЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ХУРИМТЛАЛЫН САНГАА “ТОНОЖ” БАЙНА
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан чухал хуулиудын нэг болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байсан. Гэтэл хэлэлцэх хугацааг нь хойшлууллаа. Энэ процессыг хэрхэн дүгнэж байна?
-Монгол Улс “Хөрөнгө оруулалт татъя. Хөрөнгө оруулалт бол улсыг хөгжүүлдэг хамгийн чухал зүйл” гэж яриад 30 жил өнгөрчихлөө.
Манайхтай яг ижил гараанаас гарсан Казахстан улс манайхаас 10 дахин их гадаадын хөрөнгө оруулалт татчихаад улс орны хөгжилд хэрэгтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ихэнх асуудлуудаа шийдчихсэн байна.
Монгол 40 хүрэхтэй үгүйтэй тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан. Үүний ихэнх хувь нь ганцхан Оюутолгойн хөрөнгө оруулалт байх жишээний. Манай хууль эрх зүйн орчин гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, тогтвортой байдал үнэхээр хангалттай түвшинд байна уу гэдэгт гол асуудал байгаа юм. Гэтэл бид Хөрөнгө оруулалтын хуулиа хэлэлцэж чадахгүй, энэ хуулийнхаа талаар иргэд олон нийтдээ үнэн зөв мэдээлэл өгч чадахгүй, том хэмжээний талцал, хуваагдлын асуудал болгочихсон байна.
Иргэд олон нийтэд хангалттай мэдлэг, мэдээлэл олгоогүй учраас хуулиа баталж чадахгүй байна гэдэг ойрын хэдэн жилдээ эх орондоо том хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадах эсэх нь асуудалд эргэлзээ үүсэж байна гэсэн үг.
Иргэд, олон нийт газрын асуудал дээр хянамгай, сонор сэрэмжтэй хандана. Хууль батлахаас өмнө иргэддээ үнэн зөв мэдлэг, боловсрол олгож иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Тухайлбал, 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулиар газрыг 60 жил ашиглаж, эзэмшинэ тэгээд 1 удаа 40 жилээр сунгана гэсэн заалт одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Гэтэл сая УИХ-аар хэлэлцүүлэх гэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шинэ төсөл дээр 15-60 жил газрыг ашиглах тэгээд 1 удаа 40 жилээр сунгаж болно гэсэн ийм зүйл заалт харагдсан. Хөрөнгө оруулалтын асуудал дээр газрын харилцаатай холбоотой үнэн зөв мэдээлэл, судалгаа иргэдэд маш их хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэл авч байж иргэд асуудлыг үнэн зөвөөр ойлгоно.
Яг үүнтэй адилхан 100 мянган ам.долларын босгын асуудал дээр улстөржилт явсан. Босго тогтоох нь тийм ч чухал зүйл биш. Энэ асуудал дээр маргалдаж байгаа нь бидэнд мэдлэг мэдээлэл дутуу байна гэсэн үг.
Ямар ч тохиолдолд гаднын хөрөнгө оруулагчид зөвшөөрсөн салбаруудад бизнес хийж болно. Заавал босго байх шаардлагагүй. Босго тавиад ирэхээр л Монголын залуучууд, монгол бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад маш том хүндрэл үүснэ. Аль аль талдаа худлаа баланс үүсгэдэг, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татаж байж бизнес эрхлэх асуудал руу орно. Гэтэл монголын үйлчилгээний гаднын туршлага, нөү хау хэрэгтэй байна. Энд тийм их хөрөнгө мөнгө хэрэггүй. Энэ бүгдийг боомилсон зүйл байж болохгүй. Мэдээж газар ашиглах гэж байгаа бизнес бол 100 мянга ам.доллар битгий хэл их хэмжээний лхөрөнгө оруулалт орж ирж байж тухайн газар дээр үйлдвэр барьж, бүтээн байгуулалт хийж, тэр бизнес нь цаашаа өрөгжинө. Тийм учраас хөрөнгө оруулалтын босго тийм ч их санаа зовох зүйл биш. Гол нь УИХ, Засгийн газар, хууль боловсруулагчид иргэдтэйгээ хамтарч ажиллаж, тэднийг мэдлэгжүүлж, үнэн зөв мэдээлэл өгч хамтдаа цаашаа нэг алхах хэрэгтэй.
Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийг дахин сайжруулж, яаралтай өргөн бариад, тогтвортой хөрөнгө оруулагч татах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
-Улсын төсвийн талаар яриагаа үргэлжлүүлье. Энэ жил Монгол Улс анх удаа 27 их наядын төсөв баталлаа . Төсвийн зардал жилээс жилд өсч байгаа ч төсвийн алдагдал буурахгүй байна. Хэдий тийм боловч төсвийн шинэчлэл, реформ хийсэн гэж эрх баригчид мэдэгдэж байна?
-Жилээс жилд төсөв тэлж, тогтмол алдагдалтай төсөв баталж байна. Гэтэл бусад улс орнууд хуримтлал руу шилжиж байна. Тухайлбал, Казакстаны сан, Норвегийн тэтгэврийн сангууд их хэмжээний мөнгөтэй. Гэтэл монголд эсрэгээрээ байгаа хэдхэн сангуудаа тонож байна. Тухайлбал, Төсвийн тогтворжуулалтын сангаас жил бүр төсвийнхөө алдагдлыг нөхөөд, сонгуульдаа зориулаад мөнгө гаргачихдаг. Мөн Ирээдүйн өв сан мөнгөтэй байсан. Гэтэл хуулийг нь өөрчлөөд бүгдийг нь тараачихсан. Тэнд одоо ямар хэмжээний мөнгө үлдсэнийг мэдэхгүй.
Монголын төр, Засгийн газар хэмнэж, гамнаж, хуримтлуулж чадахгүй байна.
Ийм байдлыг шинэчлэл гэж үзэхгүй. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Энэ хуулийг жил бүр өөрчилж, төсвийн тогтвортой байдлыг нь хангаж чадалгүй сүүлдээ энэ хуулийн утга учир алдагдсан. Түүнчлэн төсвийн одоо үр ашигтай байдал, ил тод байдлыг хангах зорилгоор Шилэн дансны хуулийг баталсан. Гэтэл бодит байдал дээр энэ хуулийн хэрэгжилтийг үе үе улс төрийн зорилгоор гаргаж ирж тэр газар, тийм зардал, ….. компани руу шилжүүлчихэж гэж баахан шуугидаг л болсон. Өөрөөр төсвийн зарчмууд процессын шинжтэй хууль одоо болтол хэрэгжээгүй байна.
Дуртай үедээ хэн нэгэн төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч их хэмжээний мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж чаддаг, түүнд нь эргэж хүлээлгэх хариуцлага байдаггүй.
Төсвийн тухай хууль хамгийн сүүлд нь хариуцлага гээд ганцхан л заалт байдаг. Эрүүгийн шинж чанартай биш бол Зөрчлийн хуулиар шийднэ гэсэн заалттай бий. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулчихсан хүмүүст эргэж хүлээлгэх хариуцлага бага. Нөгөө талаараа төсвийг хэлэлцэх, төлөвлөх үйл явц бараг хаалттай шахуу. Ойлгомжгүй, том файл гаргаад тавьчихдаг. Түүнийг нь иргэд ойлгодоггүй. Гэтэл төсвийг хэлэлцэх асуудал иргэдээсээ л эхлэх ёстой. Энэ байдлыг төсвийн шинэчлэл гэж үзэхгүй.
Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлээгүй л бол төсөв алдагдалтай биш ашигтай гардаг баймаар байна.
Уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлогыг дараа дараагийн жилүүдэд тохиолдох магадлалтай эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор сан үүсгэж хуримтлуулах учиртай. Энэ санд үүссэн хуримтлалаасаа эргээд хүү багатай, урт хугацааны санхүүжилт гаргаж томоохон хөрөнгө оруулалтуудаа санхүүжүүлдэг сайн туршлагууд дэлхийд олон бий. Сангууд нь санхүүгийн найдвартай эх үүсвэр болж байвал зөв зам руугаа явж байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр монголд төсөл хэрэгжүүлье ч гэсэн өөрийн эх үүсвэр байдаггүй. Дандаа гаднаас өндөр хүүтэй, эх үүсвэр татдаг. Ийм байж өөрсдөө хуримтлал бий болгодоггүй. Энэ бүхнээс дүгнэхэд төсвийн шинэчлэл огтхон ч хийгдээгүй.
Улстөрчдийн хүрээнд эдийн засагт багахан эерэг үзүүлэлт ажиглагдвал “Бид нар шинэчлэл хийлээ” гэж рекламддаг асуудал байнга л давтагдана.
-Гадаадын өрийн хэмжээг АН,МАН засаглаж байхдаа нэмэгдүүлсэн гээд маргаантай асуудал тогтмол гардаг. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэдэн ам.долларт хүрчихээд байна вэ?
-Гадаад өрийн асуудал Монгол банк, Сангийн яам гэх мэт мөнгө санхүүтэй холбоотой төрийн байгууллагуудын вебсайт дээр нээлттэй байдаг мэдээлэл. Үүн дээр маргаад байх зүйлгүй.
Тухайлбал, 2012 оны төгсгөлөөр Засгийн газрын өр 4.9 орчим тэрбум доллар байсан. Тэгвэл 2023 оны эцсээр Засгийн газрын өр 8.1 тэрбум орчим долларын өрийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, МАН засагласан сүүлийн 8 жилд бол Засгийн газрын 3 орчим тэрбум доллароор өссөн гэсэн үг.
Энэ бол маш өндөр дүн. Мэдээж өр төлөлтийг хойшлуулах, магадгүй хүүг нь бууруулж дахин санхүүжүүлэх ажил хийсэн. Гэхдээ бодит дүнгээрээ Засгийн газрын гадаад өр өсчихсөн байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө л хуулиа өөрчлөөд нийслэл Улаанбаатар хот дахиад 500-600 сая ам.долларын өр тавих гэж байна. Энэ бол Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулиа өөрчлөөд л өрөө нэмээд байдаг. Гадаадын өртэй холбоотой хуулийнхаа тааз хэмжээ, хязгааруудыг үргэлж л өөрчлөөд л зээлийн хэмжээгээ нэмж байна. Бодит байдал дээр зээлийн дүн, өрийн хэмжээ нэмэгдчихсэн байна. Гол нь зээл авч болно, юунд зарцуулаад ямар бүтээмж, үр ашиг бий болгосон гэдгээ ярих хэрэгтэй. Түүнээс биш аль ч Засгийн газар гадаадаас зээл авна, бонд босгоно. Зээлж авсан мөнгөөрөө юу бүтээсэн юм бэ гэдэгт гол асуудал бий.
-Төсөвт дарамт учруулж байгаа урсгал зардлын хэмжээ өндөр байна. Нийт төсвийн бараг 70-80 хувь нь энэ урсгал зардалд зарцуулагдаж байхад улс орны хөгжил, хөрөнгө оруулалтын талаар яриа өрнүүлэх нь хэр зохистой гэж үзэж байна?
-Жилээс жилд урсгал зардал өсөж байна. Төсвөөс цалинждаг, төсвөөс татаас авдаг байгууллагуудын хэрэгцээ улам л өсөж байна. Энэ зардлыг татвар төлөгчид дийлэхгүй болох хэмжээнд хүртлээ энэ хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Аймгийн төвүүдээр яваад үзэхэд өмнө нь нэг байшин дотор багтаад суудаг байсан байгууллагууд бүгд тусдаа 3-4 давхар барилгатай болсон байна. Башин бүрийн бүх өрөөнд хүн суугаад улс орны хөгжилд хэрэгтэй зүйл хийж байна уу гэвэл эргэлзээтэй. Төсвөөс санхүүжиж байгаа байгууллага бүрийн урсгал засвар, харуул хамгаалалт, их засвар, цахилгаан, дулаан гэх мэтчилэн татвар төлөгчид төлж дийлэхээргүй хэмжээнд хүртэл төрийг данхайлгасан байна. Гэтэл нөгөө талдаа эдийн засгийн чөлөөлөлт хийж чадахгүй байна.
Бид юм л бол хариуцлагаа өөрөөсөө өөр хэн нэгэнд, эрх мэдэлтэнд үүрүүлчих гээд байдаг сэтгэхүйн асуудалдаа гацчихсан байна.
Иргэд өөрсдөө оролцож ,ярилцаж шийддэг нийгмийг бид хамтдаа сонгосон. Төр бүх асуудлыг шийддэг бусад нь гаргасан шийдвэрийг нь дагаад явдаг нийгмээсээ уг нь татгалзъя гэж шийдээд 34 жил болж байна. Гэтэл одоо болтол бодит байдал дээр хүссэн, зорьсон нийгмээ бүтээж чадаагүй л байна.