Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэн хаагдаж болзошгүйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Цас орсон нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж байгааг анхааран шаардлагагүй тохиолдолд холын чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигчид хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж зорчихыг зөвлөлөө.
Харин Улаанбаатар хотод бага хэмжээний цас орно гэв. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод 2мм тунадас орж цасны зузаан 15-18 см болжээ.
Нийслэлийн зам, талбайн цас цэвэрлэгээний ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Одоогийн байдлаар Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас мэдээлснээр ТҮК-ийн 21 ажилтан, цацагч автомашин, төхөөрөмж 8, том оврын нэг машинтайгаар халтиргаа гулгаанаас сэргийлэн дараах зам, талбайд гурван тонн давс, 25 тонн бодис, 7.5 тонн хайрга асгасан байна.
- Энхтайваны өргөн чөлөө (Арслантай гүүрнээс Офицерын тойрог)
- Намъянжүгийн гудамж
- Сансрын тойрог
- Нарантуул захын уулзвар
- Дамдинсүрэнгийн гудамж
- Натурын гүүр
- Халдвартын уулзвар
- Нарны зам
- Буянгийн гүүр
- Нохойтой хөшөө
- Цагдаагийн академи
- Улиастайн гүүр
- Залуучуудын гудамж
- Туннелийн уулзвар
- Токиогийн гудамж
- Бөхийн өргөөний уулзвар
- Бээжингийн гудамж
- Их тойруу
- Доржийн гудамж
- Шар хад
- Дандарын гудамж
- Улаанхуаран
- Баянзүрхийн өндөрлөг
- Богд уулын арын зам
- 801, 805 дугаар анги
- Дарь-Эх
- Жамсран уулын замууд
- КТМС, Хилийн цэрэг
- Алтан-Өлгий, Цагаан даваа
- 72-р хотхон
- Цагдаа хотхон
- Баганат өргөө
- Жанжин клуб
- Баянмонгол хороолол
- Өгөөмөр захын арын хэсэг
- Оюутны хотхон
- Төмөр гүүр, замуудад.
Нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн зам цэвэрлэгээний байгууллагын ажилчид шөнийн ээлжид, уртасгасан цагаар ажиллаж, долоон байгууллагын 64 ажилтан, 14 машин техниктэйгээр ажиллаж, 9 тонн давс, 52.5 тонн бодис, 5 шоо метр хайрга цацсан байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам талбайн цэвэрлэгээ хариуцсан дөрвөн байгууллагын 36 ажилтан 8 техник хэрэгсэлтэйгээр авто болон явган замуудыг цэвэрлэжээ. Халтиргаа гулгааг арилгах зорилгоор байшин хороолол дундах авто зам, гэр хорооллын өгсүүр, уруу, чулуун зам, нийтийн эзэмшлийн гудамжны авто замыг хусав.
Нийт 25 рейсээр 74 тонн хар цасыг ачин тээвэрлэж, авто замуудад 14 тонн бодис цацжээ.
Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 26 албан хаагч, 34 хорооны ажлын алба, олон нийтийн байцаагч нар нийтийн эзэмшлийн гудамж, зам болон орчны 50 метр хүртэлх талбайн цас цэвэрлэгээний хяналтад ажиллах аж.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллагын 180 ажилтан, цас түрэгч, ковш, авто грейдер, давс цацагч, хог тээврийн нийт 44 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж байна. Даваа, гүвээнд хунгарласан цасыг түрж, зориулалтын төхөөрөмжөөр явган замын цас үлээлгэн, халтиргаа гулгаа арилгаж байгааг мэдээллээ.
“Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ нэгдүгээр сарын 17-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл Нарны зам, ЮНЕСКО гудамжны авто замын цэвэрлэгээнээс гарсан хар цасыг ачиж тээвэрлэжээ. Нийт 16 хүний бүрэлдэхүүн хог тээврийн машин, ковш зэрэг нийт дөрвөн машин техниктэйгээр ажиллаж байгаа юм байна.