Нэр дэвшихээр горилж буй төрийн жинхэнэ албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуультай. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4 дэх хэсгийн эл заалтын дагуу олон горилогч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөөд буй. Тойрогт нэр дэвшигч төдийгүй жагсаалтад багтах хүсэлтэй горилогчид ийнхүү төрийн албаа орхисон. Тэдний дотор АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар бий.
Асрагчаас ажлын гараагаа эхэлсэн, нарийн мэргэшсэн эмч, анагаах ухааны доктор, профессор түүнийг сонгож болохгүй шалтгаан нь сейфтэй юанийн, “мартагдсан” хэрэг. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын Эрүүл мэндийн сайд байхад нь их хэмжээний юань нууц хүүхдийнх нь гэрээс сейфтэйгээ алдагдаж, хогийн цэг дээрээс олдсон нь олны анхааралд өртсөн билээ.
Түүний хүү Энхбатын, Хан-Уул дүүргийн нутаг дахь “Рапид харш” хотхоны орон сууцад одоогоос13 жилийн өмнө буюу 2011 онд хулгайч орж, төмөр шүүгээтэй, 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг нь хулгайлсан юм. Гэвч төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаясан гэдэг. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн төмөр шүүгээг онгойлгоход дотроос нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарсан түүхтэй. Тэр үед хүү Энхбат нь “Энэ төмөр шүүгээг аав манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарласан гэдэг. Үүнээс улбаалаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг бусдаасих хэмжээний мөнгө хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн тухайн үеийн УМБГ-т шалгаж эхэлсэн юм. Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарч яваад хэсэг хугацааны дараа эх орондоо ирмэгц нь цагдаагийнхан баривчилж цагдан хорьж байлаа. Түүнээс хойш УМБГ-аас хэргийг АТГ-т шилжүүлж, дараа нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон юм даг. Уг мөнгөө “Манай баз Д.Батаагийнх” хэмээснээ дараа нь “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, сүүлдээ “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн мэдүүлсэн талаар тухайн үеийн хэвлэлүүдээр шуугьж байсан ч тэгсхийгээд замхарчихсан юм. “Стандарт групп”, “Чингисхаан” банкны хувьцаа эзэмшигч, баз Д.Батаатай нь холбоотой, хамтарч хийх бизнесийн мөнгө байсан хэмээн мэдүүлснээр хэрэг хаагдсан гэдэг. Түүнчлэн Н.Хүрэлбаатарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгасан ч гэм буруутай гэх үйлдэл тогтоогдоогүй хэмээн хааж байсан юм.
Авлига, мөнгөний хэрэгт нэр холбогдож байсан ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй учраас Н.Хүрэлбаатар төрийн зөөлөн сэнтийд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр санаархах нь арга ч үгүй биз. Хүн биш, хууль засагладаг болно хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгчийн талаас УИХ-ын 128 гишүүний нэг болгуулахаар зүтгүүлж буй хүмүүсийн нэг Н.Хүрэлбаатарын талаар зарим хүн “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг дээ. Түүнээс өөр, нэр цэвэр, шударга хүнийг олж нэр дэвшүүлж чадахгүй бол МАН-ынхан ичиг, ичиг” гэлцэж байна. Сонгуульд биеэ бэлдэж АШУҮИС-ийнхнаа ч багагүй ашигласан түүнээр төр түшилцүүлэх, эсэх нь мэргэн сонгогчдын мэдэх хэрэг билээ.
Эх сурвалж:Unuudur.mn