Реппер Снүүп Догг өмнө нь ерөнхийлөгч асан Дональд Трампийн эсрэг утгатай үг хэллэг хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгвэл сүүлийн шинэ ярилцлагадаа тэр Трампийг магтан дуулав. “Дональд Трамп уу? Тэр надад ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэр миний төлөө агуу үйл л хийсэн. Тэр Майкл Харрисыг өршөөсөн. Тиймээс надад Дональд Трампийг хайрлаж, хүндлэхээс өөр юм байхгүй” гэж Снүүп Догг хэлжээ.
“Godfather Entertainment”-ын харъяа “Death Row Records”-ын үүсгэн байгуулагч Майкл Харри О Харрис хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, хуйвалдаанд оролцсон зэрэг хэргээр шоронд ял эдэлж байсан. Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэж өгөхийнхөө өмнөхөн тушаал шийдвэр гаргаж, түүнийг өршөөжээ. Снүүп Догг уг лэйбелтэй гэрээтэй ажилладаг.
“Тэдний хийсэн ажлыг би хүндэлж байна. Ерөнхийлөгч болон түүний багийнхан ажлаа хүлээлгэж өгөхдөө гайхалтай зүйл хийсэн” гэж Снүүп Догг хэлэв.
Гэтэл Снүүп Догг ерөнхийлөгч асан Трампийг Цагаан ордонд байх үед нь хэд хэдэн удаа шүүмжилж байжээ. Тухайлбал, 2017 онд Снүүп Доггын “Lavender” дууны клипэн дээр Трампийг алиалагч болгон шоглоод, толгойд нь буудаж буйгаар дүрсэлсэн байдаг. Дараа нь 2020 онд Снүүп Догг цахим хуудсаараа дамжуулан Трампийг хараасан. “Трамп бол хогийн новш. Хэрвээ та түүнд санал өгсөн бол асуудал байхгүй. Харин одоо ч түүнийг дэмжсэн хэвээрээ байгаа бол ёстой дэмий шүү” гэж Снүүп Догг цахим хуудсандаа бичсэн байжээ.
Снүүп Догг 2012 онд Барак Обама, Митт Ромней нарыг ерөнхийлөгчид өрсөлдөж байх үед хэнийг нь ямар учраас дэмжиж байгаа, ямар учраас дэмжихгүй байгаагаа тодорхой тайлбарлаж байсан. Энэ удаад Трамп, Байден хоёр дээр ийм тайлбар хийх үү гэж асуухад тодорхой хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж: FOX NEWS