Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар шигшээ багийн ахлагч Сон Хын-Миний зүгээс оройн хоолны үеэр ширээний теннис тоглох гэж байсан И Кан Ин тэргүүтэй залуу тоглогчдод шаардлага тавьсан үйлдлээс энэ бүхэн эхэлсэн гэнэ.
Хожим нь Солонгосын хөлбөмбөгийн холбоо ч ийм асуудал гарсныг баталж, гагцхүү Сон, И хоёр зодолдсон гэдгийг үгүйсгэжээ. Тэгвэл болсон үйл явдлыг та бүхэндээ цаг хугацааны дараалалтай хүргэе.
Хоёрдугаар сарын 5 – Катарт болж байсан Азийн аваргын хагас шигшээ шатны чухал тоглолтын өмнөх өдөр Солонгосын шигшээ багаараа оройн хоолоо идэж байх үеэр Сон Хын-Мин нэг тоглогчтой муудалцжээ.
Хоёрдугаар сарын 6 – Солонгосын шигшээ баг Азийн аваргын хагас шигшээд Йорданд 0-2 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв.
Хоёрдугаар сарын 13 – Их Британийн “The Sun” сонины зүгээс Сон Хын-Минийг хагас шигшээ шатны өмнөх өдөр багийнхаа тоглогчтой муудалцаж, хуруугаа гэмтээснийг мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг үл ойлголцол гарсныг баталж, залуу тоглогчид ширээний теннис тоглохоор явахад Сон дургүйцэж, маргааны үеэр хуруугаа гэмтээсэн гэлээ.
Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хэвлэлүүд багийнхаа ахлагчтай муудсан тамирчинг И Кан Ин гэдгийг баталж, Сон Иг цохих үеэрээ гараа гэмтээсэн гэв.
Хоёрдугаар сарын 14 – Сон, И хоёр хамтдаа дотно байгаагаа харуулсан зургийг цахим сүлжээнд нийтлэв.
Хоёрдугаар сарын 14 – Солонгосын шигшээ багийн ахмад тамирчид И Кан Инийг хагас шигшээ шатны бүрэлдэхүүнээс хасахыг дасгалжуулагч Юрген Клинсманнаас асуусан болохыг хэвлэлүүд мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 14 – И Кан Ин ахмад тамирчидтайгаа муудалцсандаа уучлалт гуйв.
Хоёрдугаар сарын 15 – И Кан Иний хуулийн зөвлөхүүд зодоон болсон гэх мэдээллийг няцаалаа.
Хоёрдугаар сарын 15 – Солонгосын шигшээ багийн зөвлөл хуралдаж, дасгалжуулагч Клинсманныг ажлаас халав. Түүнийг багтаа манлайлал үзүүлж чадаагүй гэжээ. Клинсманн ч тэр өдрийн хоолны үеэр болсон зөрчилдөөн багийн тоглолтод нөлөөлсөн гэдгийг дурджээ.
Хоёрдугаар сарын 16 – КТ-ийн сүлжээ дэлгүүрүүд И Кан Иний зурагт хуудсуудыг буулгав.
Хоёрдугаар сарын 17 – Стрийм үйлчилгээний “Coupang Play” ПСЖ-ийн тоглолтын өмнөх бичлэгээс И Кан Инийг хасчээ.
Хоёрдугаар сарын 19 – “Alachi Chicken” И Кан Интэй дахин зар сурталчилгааны гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдлээ.