Тэмбүү өвчний халдварын тоо нэмэгдэж, анхаарал татахуйц аюултай түвшинд хүрсэн гэх агуулга бүхий мэдээллийг хувь жиргээч, нийтлэлч болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндөх болов. Тухайлбал, манай улсын хоёр хүн тутмын нэг нь тэмбүүгийн халдвартай, тус халдварын тохиолдлын дийлэнхийг оюутан охидууд эзэлдэг, бэлгийн боловсрол муу зэргээр бичиж, ярьжээ. Мөн энэ асуудалтай зэрэгцэж Улаан тарианы аян эхлүүлэх гэж буй гэх шуум ч гарсан. Тэгвэл тэмбүүгийн халдвар үнэхээр аюултай түвшинд ирсэн үү гэдгийг статистик, тоон баримтаар харъя.
ХӨСҮТ: 2023 онд тэмбүүгийн 237 тохиолдол бүртгэгдсэн
ХӨСҮТ-өөс 2023 оны бэлгийн замын халдварт өвчний дэлгэрэнгүй судалгааг эхний арван сарын байдлаар гаргажээ. Тодруулбал Улсын хэмжээнд Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 8,638 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 237 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Харин дээр дурдсан нийт өвчлөлийн 40.6%-ийг тэмбүү, 35.4%-ийг заг хүйтэн, 23.8%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна. Үүнийг тоон утгад шилжүүлж үзвэл 2023 онд тэмбүүгийн 3,507, заг хүйтний 3,057, трихомонизаын 2,055, ДОХ-ын 17 тохиолдол нэмэгджээ.
Бэлгийн замын эдгээр өвчлөлийн дийлэнх тохиолдлыг тэмбүү эзэлж байгаа бөгөөд бүс нутгаар ангилан үзбэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр гэсэн таван аймаг болон Улаанбаатар хот тэмбүүгийн өвчлөлөөр тэргүүлж байна.
Тодруулбал,
- Архангайд 57
- Баянхонгорт 34
- Дорнодод 31
- Говьсүмбэрт 31
- Өвөрхангайд 27
- Улаанбаатарт 35 тохиолдол 2023 онд нэмж бүртгэгджээ.
2023 онд 25 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй мэндэлсэн
Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүгийн 25 тохиолдол бүртгэгдсэн ба өмнөх онтой харьцуулбал 11 тохиолдлоор өссөн байна.
Зургийн тайлбар, Төрөлхийн тэмбүүгийн халдвар 100,000 амьд төрөлтөд, 2023 оны эхний 10 сар
Төрөлхийн тэмбүү гэж тэмбүүгийн халдвартай эх жирэмсэлсэн тохиолдолд эхээс урагт ихэсийн цусны эргэлтээр халдвар дамжихыг хэлдэг. Энэ өвчин эх хэзээ халдвар авснаас шалтгаалаад гарах үр дагавар нь янз бүр байдаг. Тухайлбал, эрт үеийн зулбаа, хожуу үеийн зулбаа, амьгүй төрөлт, амьд төрсөн боловч нас барах тохиолдлууд бий. Тэмбүүгийн халдвар авсан эмэгтэй эмчлүүлэхгүй явж байгаад жирэмсэлсэн тохиолдолд эрт болон хожуу үеийн зулбаа, амьгүй төрөлтөөр төгсөх нь элбэг. Жирэмсний хяналтын хугацаанд халдвар авсан тохиолдолд хүүхэд амьд төрөх боловч амьдрах чадваргүй байх нь олон.
Улаан тарианы асуудал яагаад дахин хөндөгдөх болов
“Намайг бага байхад манай хөдөө нутагт “Улаан тарианы хүүхнүүд” гэж нэг их гоё ганган амьтад байж билээ. Дэлийг нь засаж ширгээсэн агсам сэргэлэн морь унаж, гоё ганган торго дурдан дээл өмсөж, сам, зүү хатгасан тэр шаавай хэдэн бүсгүйчүүд үүр цүүрээр манай гэрийн хаяагаар дуу дуулж, салхи татуулан өнгөрдөг байлаа. Торгон савхин гутал ган дөрөөнд жийж, хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураараа морин дэлэн дээр салхи хийсгэн манай нутгийн эгч нар хоолой нийлүүлэн дуулдаг байлаа” гэж Төрийн шагналт, зохиолч Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” өгүүллэгт дүрсэлсэн байдаг. Угтаа энэ өгүүллэг тухайн нийгэм цаг үеийнхээ гол асуудлыг өөртөө шингээсэн буюу ихэнх эмэгтэйчүүд тэмбүүгийн халдвараар өвчилж үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдэж байсан үеийн амьдралыг өгүүлдэг.
1921 онд Монгол Улс 500 орчим мянган хүн амтай байхад 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан тухай эмч нар ярьдаг. Тухайн үед орос эмнэлэг монголд нээгдэж, орос, монгол эмч нар “Соёлын довтолгоон” өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүрмөсөн устгасан тухай зарлаж байжээ. Энэ үед дэлхий нийт Монгол Улсыг мөхөж буй орон хэмээн зарлаж байсан удаатай гэдэг.
Тэгвэл бүр сүүлд одоогоос дөрвөн жилийн өмнө ЭМЯ-наас “Улаан тариа-2” аяныг эхлүүлж байв. Үүний шалтгаан мөн л тэмбүүгийн халдвар нэмэгдэж, төрөлхийн тэмбүүтэй мэндэлж, эндэж буй хүүхдүүдийн тоо өссөнтэй холбоотой. Тухайн жил тэмбүүгийн халдварын шинэ тохиолдол 5,517-д хүрч байжээ.
Харин энэ жил дахин дээрх аяныг эхлүүлнэ гэх шуум явж эхэлсэн ч худлаа гэдгийг ХӨСҮТ нотолж буй юм. Харин Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс санаачлан “Харамсахгүйн төлөө хамтдаа” БЗДХ-аас сэргийлэх аяныг эхлүүлжээ. Тус аян нь хүүхэд залуусын бэлгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх, нөхөн үржихүйн насныханд бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээнд хамрагдах, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах зэрэг олон асуудалд чиглэсэн чухал ач холбогдолтой аж.
Жишээ нь, дээрх графикаас харвал ойрын 10 жилийн хугацаанд тэмбүүгийн хамгийн их өвчлөл 2015 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 2020 он хүртэл өвчлөлийн тоо их хэвээр байжээ. Харин 2021 оноос даруй 50 хувиар буурсан ч сүүлийн хоёр жил нийтдээ 600 орчмоор нэмэгджээ. Гэхдээ үүнийг ойрын арван жилийн хамгийн өндөр байсан үзүүлэлттэй харьцуулбал 50 хувиар бага харагдаж байна. Үүнээс харвал нийтээрээ энэ өвчинд нэрвэгдэж, улс бодлогын хэмжээнд арга хэмжээ авч, зөвхөн энэ өвчний эсрэг нийтээрээ хөдлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэвэл дэгсдүүлсэн хэрэг болох нь.
Гэсэн ч тоон үзүүлэлт ийм байлаа гээд арга хэмжээ авахгүй, анхаарахгүй байж болно гэсэн үг биш. Учир нь энэ бол өвчин. Ялангуяа нөхөн үржихүйн насныханы дунд байх ёстой жам ёсны харилцаа учир илүү анхаарч, тэдэнд энэ талын мэдлэг олгох, ач холбогдол, эрсдэл зэргийг таниулан ойлгуулах нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах нь нийгмийн захиалга болчхоод буй.
Нөгөө талаас нийгэмд тэмбүүгийн өвчлөлийг үндэстэн нийтийг хөмөрсөн аюулын хэмжээнд ирчихсэн мэтээр ойлгуулж бичих хүмүүс, нөлөөлөгчид олон байна. Гэтэл сүрьеэ, хорт хавдар, утааны асуудлаас болж нас барж байгаа хүмүүсийн тоо дээрх тоон үзүүлэлтээс илүүтэйгээр бидий анхаарлыг татах түвшинд хүрсэн гэдгийг анзаараасай.
АШУҮИС-ийн багш В.Наранцэцэг: Хүмүүс тэмбүүг эдгэдэггүй гэж ярьдаг ч эмчлэгддэг өвчин
Тэмбүү нь өвчин цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг хүний биед
• бэлгийн хавьтал
• цус цусан бүтээгдэхүүн
• жирэмсэн эхээс урагт халдварладаг өвчин юм.
Тэмбүү нь өөрийн гэсэн онцлогтой, тодорхой шинж тэмдэгтэй, үе шатуудтай явагддаг. Цайвар трепонем гэдэг бактер хүний биед нэвтэрч орсноосоо хойш анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг нууц хугацаа гэж үздэг. Энэ нууц хугацаа дунджаар 18-24 хоног байх ба дунджаар 3 долоо хоног үргэлжилдэг. Зарим өвчинтэй харьцуулахад нууц хугацаа урт байгаа нь үүсгэгчийн өөрийнх нь үржил хөгжлийн онцлогоос нь шалтгаалдаг.
Тэмбүү өвчний нэгдүгээр үеийн гол шинж тэмдэг бол бэлэг эрхтэн түүний орчимд илрэх хатуу яр бөгөөд энэ нь ямар нэгэн зовиур эмзэглэл байдаггүй. Энэ шинж тэмдгийн онцлог нь эмчилгээ хийсэн ч, хийгээгүй ч өөрөө аяндаа алга болчихдог. Энэ үед өвчтөн шархаа эдгэрчихлээ гэж ойлгодог ч үнэндээ үе шат нь цаашаа даамжирч байгаа хэлбэр юм. Хатуу яр гарснаас нэг долоо хоногийн дараагаар тунгалагийн зангилаа заавал томорно. Мөн өвчин эмзэглэл зовиур байдаггүй.
Нэгдүгээр үе ойролцоогоор 6-7 долоо хоног орчим үргэлжилсний дараа арьс салст дээгүүр маш олон төрлийн тууралт гарч эхэлнэ. Толбо, гүвдрүү, идээт цэврүү туурч улмаар үс нь унах, арьс цайх шинжүүд илэрнэ. Энэ үеийг тэмбүү өвчний хоёрдугаар үе гэж үздэг. Тэмбүү өвчний хоёрдугаар үе 2-4 жил хүртэл үргэлжилдэг.
Хоёрдугаар үе өөрийн гэсэн онцлогтой. Шинж тэмдэгүүд өөрийн гэсэн онцлогоор илэрч бас өөрийн гэсэн үе шатаар явагддаг. Өөрөөр хэлбэл тэмбүү өвчний хоёрдугаар үеийг шинэ үе, далд үе, дахисан үе гэж ангилдаг. Нэгдүгээр үе дуусаад илэрч гарч ирж байгаа үеийг шинэ үе гээд, түүний дараа илэрч гарч ирж байгаа шинж тэмдэгүүдийг дахисан үе гэж авч үздэг. Нэг онцлог нь эмчилгээ хийхгүй байсан ч алга болоод байдгаараа их онцлогтой. Тэгээд дараагийнхаа үед ордог. Зарим тохиолдолд тэр хүний бие дээгүүр ямар нэг тууралт байхгүй, эсвэл ямар нэг шинж тэмдэг байхгүй байгаа тохиолдолд зөвхөн цусны шинжилгээгээр илэрч тэмбүүтэй болох нь тогтоогддог. Үүнийг тэмбүү өвчний далд үе гэнэ.
Гуравдугаар үе халдвар авснаас хойш 4, 5 жилийн дараа эхэлдэг. Мөн л бусад үе шиг эмнэлзүйн шинж тэмдэг нь нэг ил гарч, нэг далд орно. Гуравдугаар үе 5-40 жил үргэлжилж болдгоороо аюултай бөгөөд биеийн бүх эрхтэн системийг эргэшгүй өөрчлөлтөд оруулдаг. Учир нь тэмбүү өвчний 3-р үед илрэх зангилаат тууралт буюу гүмма хагарах үед үрэвслийн шингэн эдүүдийг хайлуулах үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Хамар унах, тагнай цоорох, элэг дэлүүнд нь том хэмжээтэй гүмма үүснэ. Бүрэн төгс эмчилгээ хийхгүй бол бусад эрхтнээ гэмтээгээд л байна.
Сүүлийн жилүүдэд хүмүүс маань дутуу эмчлэгдсэнтэй холбоотой эсвэл гүйцэд оношлуулаагүйтэй холбоотой эрхтэн тогтолцооны гүнзгий өөрчлөлтүүд илэрч гарч ирж байгаа. Манайд мэдрэлийн тэмбүү, нүдний тэмбүү нэлээд оношлогдох болсон. Зүв зүгээр байж байтал нүдний хараа өөрт мэдэгдэхүйц муудаад эсвэл мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас тухайн хүн ой ухаан, бие эрхтэн, мэдэрхүйн талаас өөрчлөлтүүд гараад ирэх жишээтэй. Бас нэг жишээ дурьдахад ходоод нь өвдлөө гээд гадаадад очоод эмчлүүлэхэд тэмбүүгийн шалтгаантай ходоодны үрэвсэл байсан. Зүрх судасны өвчнүүд байна.
Тэр байтугай зарим тохиолдолд том судас гэмтсэнтэй холбоотой судас хагарах тохиолдолд шууд үхэлд хүрэх аюултай. Ерөөсөө гэмтдэггүй эд эрхтэн байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өвчин үүсгэгч цайвар трепонем цусаар эргэлддэг учраас бүх эрхтэн тогтолцоо үрэвсэж гэмтэнэ.
Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, эмнэлзүйн шинж тэмдэг нь өвдөлт зовиургүй, шарх, тууралт зэрэг нь өөрөө алга болж далд хэлбэрт шилжиж байдаг онцлогтой өвчин. Тийм ч учраас тухайн хүн өөрийгөө тэмбүү өвчтэй гэдгээ анзаарахгүй явсаар эцэст нь маш хүнд хэлбэрт орсон хойно нь оношлуулах тохиолдол олон
.Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд
• Хувь хүн бүр эрсдэлт зан үйлээс өөрийгөө сэргийлэх
• Бэлгийн олон хавьтагч олонтай байхаас татгалзах
• Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх
• Бэлгэвч хэрэглэж дадах
• Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх
• Урьдчилан сэргийлсэн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
Хэрвээ та, тэмбүү өвчний халдвар авсан бол:
• Мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандаж оношлуулах, эмчлүүлэх
• Эмчилгээг гүйцэд хийлгэн, хяналтад тогтмол хамрагдах
• Бэлгийн бүх хавьтагчаа илрүүлж, хамт эмчилгээнд хамрагдах
• Жирэмсэн эх жирэмсний эхний гурван сарын дотор эмнэлгийн хяналтад орох
Хүмүүс арьс, салст, бэлэг эрхтэн дээр нь тууралт гарч ирж байгаа тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаарай. Мэргэжлийн эмчид хандсанаар оношоо зөв тогтоолгон, өвчнийхөө үе шатыг зөв тогтооно. Яагаад үе шатыг зөв тогтооно гээд дахин дахин хэлээд байна вэ гэхээр өвчнийх нь үе шатанд тохирсон эмчилгээ явдаг. Хүмүүс тэмбүү өвчин бүрэн арилдаггүй гээд яриад байдаг. Тэмбүү гэдэг өвчин өөрөө сайн эмчлэгддэг өвчин. Сайн эмчлэгдэнэ. Яагаад хүмүүс арилдаггүй гэж ярьдаг вэ гэхээр хяналтандаа муу явсантай холбоотой байдаг. Эмч эмчилгээний дараа нэг сар түүний дараа гурван сар ахиад гурван сар гээд хяналт хийдэг. Тэмбүү өвчний нэгдүгээр үе байх юм бол нэг жил, хоёрдугаар үе байх юм бол хоёр жил, түүнээс дээш үе байх юм бол тухайн ямар эрхтэн систем гэмтсэн бэ гэдгээсээ шалтгаалаад 3-5 жил хянагдах тохиолдол байдаг. Хамгийн гол нь шинжилгээндээ сайн хамрагдаад эмчилгээндээ сайн яваад хяналтандаа байж байхад л болчихно.