Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа”-ны тайлангаас ахмадуудын ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилттэй холбоотой хэсгийг хүргэж байна.
Судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 17.4 хувь нь гэр бүлийнхэн, хамтран амьдрагсадтайгаа байхад сэтгэл санаа тогтворгүй, тааламжгүй байдаг, 3.7 хувь нь түгшүүртэй, байнгын айдаст байдаг гэж хариулсан нь нийслэлийн гэр хорооллын ахмадуудын 21 хувь нь гэртээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамт шахалтад байдаг болохыг харуулж байна.
Баримт
“…Нийт үйлчлүүлэгчдийн найм, есөн хувийг ахмад настнууд эзэлдэг. Ахмад настуудын өртөж байгаа хүчирхийллийн хэлбэр авч үзвэл гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл дээр нь эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна. Сүүлийн үед эд хөрөнгө, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүд их бүртгэгдэж байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө дээрээсээ болж маргаан үүсэх, үр хүүхэд нь эцэг эхийгээ хөөж туугаад гудамжинд гаргах тохиолдлууд байна. Дээр нь эцэг эхийнхээ хөрөнгөнөөс болж асар их дарамталсан тохиолдлууд ирээд байгаа”.
Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежер
“… Биеийн хүчирхийлэл гэхээсээ илүү үл хайхрах хүчирхийлэл маш их байдаг. Жишээлбэл нэг эмээ “эмнэлэг дээр байна, миний нуруу хугарсан гэж байна” гээд хүүхэд рүүгээ залгахад хүүхэд нь “тэгээд би яах юм, завгүй байна” гээд ярьж байсан. Гэр хорооллын тахир дутуу нэг хөгшин тэтгэврээ авах гэж 2 буудлын цаана байдаг банк руу өдөржин явдаг тохиолдол мэднэ. Биеийн хүчирхийлэлд өртөөд байгаа өрөвдөлтэй тохиолдол бас таарч байсан. Тэр хүн маань хүүхэдгүй, хамаатныдаа байдаг. Нүүр амыг нь хөх эрээн болтол нь зодчихсон “энэ хүмүүс намайг зодоод байдаг юм, тэгээд би одоо яг яах ёстой юм бол. Хорооны цагдаа дуудах ёстой юм бол уу” гэдэг. Дараа нь дахиад намайг дуудахад тэр хүн харваад нас барчихсан байсан. Хүүхэд хараад ч гэдэг юм уу эсвэл үл хайхрах, санхүүгийн хүчирхийлэл бол маш их”..
Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: Геронтологийн үндэсний төвийн эмч
Сэтгэлзүйн, үл хайхрах, биеийн хүчирхийллийн хэлбэрүүдийг хааяа гаргадаг гэж хариулсан оролцогчдоос хэн энэхүү хандлага, үйлдлийг гаргадаг талаар тодруулахад:
- 42.1 хувь нь эхнэр нөхөр
- 26.3 хувь нь хүү
- 21 хувь нь охины зүгээс ийм үйлдэл гаргадаг гэж хариулсан бөгөөд энэ талаар ойр дотнын хүн, хуулийн байгууллага, хорооны нийгмийн ажилтан зэрэг хүмүүст мэдэгдээгүй гэж 72.5 хувь нь хариулжээ.
Харин 27.5 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн байна.
Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн гэр хорооллын ахмад настнуудын 27.7 хувь нь өөрийгөө үзэн ядаж, буруутгадаг гэжээ
Сэтгэлзүйн хувьд тогтворгүй, тааламжгүй мэдрэмж авсан буюу хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн гэр хорооллын ахмад настнуудын:
- 55 хувь нь хүнээс тусламж авахыг хүсдэг
- 27.7 хувь нь өөрийгөө үзэн ядаж, буруутгадаг,
- 11 хувь нь маш их айдаг гэж хариулжээ.
Нийслэл хотын гэр хороололд амьдрахад ахмад настнуудад амьдрах орчин нөхцөл, дэд бүтэцтэй холбоотой цөөвтөр хүндрэл бэрхшээл үүсдэг байна. Гэр хороололд амьдрахад ахмад настнуудад нохойд уруулах, архидан согтуурал ихтэй дүүргүүдэд согтуу хүмүүст зодуулах, хулгай, дээрэмд өртөх, автобус нийтийн тээвэр хүлээх, худгаас ус зөөх, сайжруулсан түлшээ татах гэх мэт орчны шинжтэй хүндрэлүүд тохиолддог байна.
Баримт
“… Манай охин дээд боловсролтой, нийслэлийн ЕБС-ийн … дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан”.
Ганцаарчилсан ярилцлага: СХД-ийн ахмад настан
“… Манай хорооны нэг ахмад настан насаараа хөдөлмөрлөсөн, үр хүүхдээ өсгөсөн. Хүүхдүүд нь байгаа хэр нь хайхардаггүй. Өөрийнх нь амьдарч байсан газар дахин төлөвлөлтөд ороход хүүхдүүд нь эрхийг нь нэр дээрээ шилжүүлээд, баригдсан барилгад нь ороод суучихсан байх жишээтэй”.
Гол мэдээлэгчтэй хийсэн ярилцлага: БЗД-ийн 12 хорооны нийгмийн ажилтан
“… Хүчирхийлэлд өртөж байгаа хэлбэрээр нь харвал сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэл их байна. Эдийн засаг дотроо гол өртөж байгаа зүйл нь тэтгэвэр, тэтгэмжийг өөрсдөө авч хэрэглэхгүй байх явдал. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Манай Монгол шиг ахмадууддаа тэтгэврээр зээл өгдөг улс дэлхийд байдаггүй. Урьд нь социализмын үед зээлийг тэтгэврээр өгдөггүй байсан”.