Хүн болгоны хурууны хээ дахин давтагдашгүй байдаг гэгддэг билээ. Тэгвэл Колумбын их сургуулийн явуулсан судалгаа үүний эсрэг үр дүн харуулсан байна. Тус их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухааныг хурууны хээ шинжлэхэд сурган, 60 мянган ширхэг хурууны хээнд дүн шинжилгээ хийжээ.
Энэ хиймэл оюун ухаан нь өөр өөр хурууны хээг нэг хүний гарынх эсэхийг 75-аас 90 хувийн нарийвчлалтай тодорхойлох чадвартай гэж судлаачид хэлсэн байна. Гол асуудал бол хүний гарын 10 хурууны хээ бүр өөр гэж мэргэжилтнүүд үзсээр ирсэн явдал юм. Тэгтэл тус хиймэл оюун ухаан өөр өөр хурууны хээг нэг хүний гарынх эсэхийг мэдэж чадаж байна.
Гэхдээ эрдэмтэд тус хиймэл оюун ухааныг хэрхэн хурууны хийг шинжилдэг гэдгийг нь сайн ойлгохгүй байгаа юм. Шүүх эмнэлгийн эрдэмтэд хурууны хээг харьцуулахдаа ховил хэрхэн салаалж, төгсөж байгааг ажигладаг. Судлаачид тус хиймэл оюун ухаан үүнээс өөр аргаар, хурууны хээний төв дэх гогцоо, эргүүлгийн өнцөг болон мурийлттай холбоотой үзүүлэлтийг ашиглан шинжилж байсан гэж мэдэгджээ.
Энэ судалгааны үр дүн нь биометрийн үзүүлэлт, шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд нөлөөлөх боломжтой. Хэрвээ хэргийн газар A-гаас үл танигдах эрхий хурууны хээ, Б-гээс үл мэдэгдэх долоовор хурууны хээ олдвол тус хиймэл оюун ухааныг ашиглан нэг хүний гарынх эсэхийг 75-аас 90 хувийн нарийвчлалтай тогтоож болно гэсэн үг.
Гэхдээ судалгаанд ашигласан хээнүүд бүгд бүтэн байсан. Харин хэргийн газраас олддог хээ ихэнхдээ дутуу байдаг билээ. Ийм учраас нэмж судалгаа хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд онцолсон юм.