Төв аймгийн Заамар сумын Гадны Хүний-Овоо гэдэг газар Туул голын усанд нэг хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний өдрийн 12:55 цагт Онцгой Байдлын Ерөнхий газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж, М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Иймд
- Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
- Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
- Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
- Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
- Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.