Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино Япон улсын Осака хотын олон улсын Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ. Жил бүр гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулдаг олон улсын кино наадамд монгол уран сайхны кино шалгарсан байна. “Сэр сэр салхи” уран сайхны киноны хувьд 2023 оны арваннэгдүгээр сард Хятад, Хонгконгийн олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Тодруулбал, Хонгконгийн Азийн кино наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын “Pingyao International” кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон байдаг.
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, “Алтан арслан”-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.
П.Лхагвадулам найруулагч Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа бөгөөд тэрбээр “Сэр сэр салхи” бүтээлийнхээ талаар ярихдаа “Би 2014 онд ээжтэйгээ хамт бөө дээр очсон юм. Бөөгийн зан үйл болсны дараа гадаа ээжийгээ хүлээж суусан. Тэгэхэд миний хажууд 18 настай гэмээр залуу хүү чихэндээ ээмэгтэй, хоёр гарандаа шивээстэй, “күүл” стиль имижтэй бөө сууж байсан. Энэ киног хийх санаа тэр мөчид төрсөн.
Тэр үед оюутнуудад багшилж байхад оюутнууд дунд маань ч ганц хоёр бөө хүүхэд байсан. Орчин цагийн монгол залуус ямар асуудлыг давж гардаг вэ гэдгийг бодож 2017 онд кино зохиолын магистрт сурч байхдаа анх зохиолоо цаасан дээр буулгаж байсан.
Зохиолоо бичээд хэнд хандахаа мэдэхгүй, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед кино урлагийн зөвлөл байгуулагдаж, тэр үед олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүнд гарахгүй бол энэ ажлаа хаяна гэж өөртөө амласан” тухайгаа ярьсан байдаг.