Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу усан оргилууртай залгаа орших талбайд шинээр автобусны зогсоол байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд буй. Учир нь, гадаад улсаас айлчин гийчин ирэхэд Сүхбаатарын талбайдаа угтан авдаг. Гэтэл уг талбайн урд хэсэгт автобусны зогсоол байгуулахаар бензин тосных нь үнэр танараас эхлүүлээд утаа униарыг нь яах вэ гэдэг асуудал ч яригдаж эхэлсэн.
Тэгвэл эл зогсоолыг өөрчлөх үү. Дэлхий нийтийн жишиг нь ямар байдаг вэ гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах хариулт өглөө.
Тэрбээр “Нөхцөл байдалдаа тааруулж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийн маш том алдаануудыг гаргасан. Том оврын автобус буцаж эргэх эргэлтүүдээ одоо хийх боломжгүй болох нөхцөл байдалтай болгосон. Боломжит нөхцөл байдал юу байна вэ гэдэг дээр ажилласан. Заавал Сүхбаатарын талбайн урд автобусны зогсоол хийх ёстой гэдэг байдлаар хийгээгүй, боломж нь байсан учраас хийсэн” гэлээ.
Шинээр байгуулсан дээрх зогсоолд “Хаан хилс хотхон-Ривер гарден” чиглэлийн автобус ирж зогсож буй. Уг автобусанд суун Яармагаас ирсэн иргэн хороолол III, IV орохын тулд Баянбүрд рүү алхаж байгаа бол хорооллынхон Үйлдвэр-120 орохын тулд мөн л 100 айл чиглэлийн автобусанд суун, Баянбүрд дээр бууж, Сүхбаатарын талбай хүртэл алхан “Хаан хилс хотхон-Ривер гарден” чиглэлийн дээрх автобусанд сууж зорьсон газраа очих болж байгаа юм.
Өмнө нь асуудалгүйгээр нэг л автобусанд сууж очдог байсныг ийн түвэгтэй болгосонд иргэд бухимдаж байгаагийн зэрэгцээ энэхүү автобусны буудлыг хуучнаар нь болгон, өөрчлөхийг хүсч буй ч нийслэлийн зүгээс боломжгүй гэдгийг дээрх хариултаараа өгөөд байна.
Түүнчлэн олон нийтийн зүгээс “Сүхбаатарын талбайд автобусны зогсоолтой байх нь тохиромжгүй. Урин дулаан цаг ирэхэд хүүхэд, хөгшид ч усан оргилуур дагаж, сэрүүцдэг. Гэтэл автобусны шатахуун тослох материалын үнэр танараас нь эхлүүлээд автобуснууд нь хөндөлдөөд эрсдэл үүсгэж, аюулгүй байдал ч хангах боломжгүйд хүрнэ” гэж үзэж байгаа юм.