АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын “Нэг монгол” фракц үзүүлэх прогнозтой байна.
Энэ дагуух С.Баярцогт хэрхэх вэ нюансыг хүргэе.
Л.Гантөмөр С.Баярцогтыг улс төр хариуцсан тэргүүн дэд даргаар томилсон нь түүнд мандат хуваарилалтад оролцох үнэмлэхүй эрх олгож, өөрөө бэлгэдлийн дүр үүсгэнэ гэдгээ зарласан, нэг ёсны ухралт байв. Үүнд,
- Нэг талаас Ц.Элбэгдоржоор халхавчилсан MCS, АПУ, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг нарын АН-ын мөнгөтэй хэсгийн нөлөө,
- Нөгөө талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Батболд тэргүүтний МАН-ынхны нөлөө ч үлэмж байв.
Угийн ажил хэрэгч, улс төрийн холбоос хийхдээ гаршсан С.Баярцогт намдаа ороод, “Гялалзуулаад өгье” гэтэл санаснаар нэг л болж өгсөнгүй. Түүнийг гурван шатны шүүхээр Оюутолгой төслөөс үндсэндээ авлига авсан гэдгийг нь тогтоочихсон байхад Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон кейсийг олон нийт уучилж өгөөгүй. Ийм уур амьсгал дээр МАН-ын залуу дарга нар ч сайн ажилласан.
Ядахад Л.Гантөмөр баахан ажил хэрэгч бус, намыг яг өөрийн санаснаар удирдан хөдөлгөх гэтэл нөгөө талд Х.Баттулга гэж том бул чулуу гарч ирээд, тэгнээд хэвтчихсэн дүр зураг үүсэв. Ийм байдлаар С.Баярцогтод нам дотор ч, олон нийт дунд ч төдийлөн хүрээлэл үүсэж өгөөгүй харагддаг.
Гэхдээ С.Баярцогтын талд АН-ын хамаг мөнгөтэй эрхмүүд, МАН-ын голлох том тоглогчид буйг харж болно. Тэр утгаараа тэр АН-ын мандат хуваарилалтад 20-30 хувийн нөлөөлөл үзүүлнэ. Жагсаалт ба мандат хуваарилалтаас нийт 15-25 нэрс авна гэх ерөнхий хана үүсжээ.