Монгол Улс гадаад худалдаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх замаар нэмүү өртөг багатай уул уурхайн экспортоос хэт их хамааралтай байдлыг халж, олон улсын өртгийн сүлжээнд илүү үр дүнтэйгээр нэгдэн эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой талаар Дэлхийн Банкны өчигдөр гаргасан тайланд дурджээ.
“Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ” тайланд дурдсанаар ижил төстэй улс орнуудтай харьцуулахад худалдааны харьцангуй нээлттэй дэглэмтэй хэдий ч далайд гарцгүй, газарзүйн хувьд алслагдсан, өргөн уудам нутагтай Монгол Улс худалдааг хөгжүүлэх чиглэлд өвөрмөц сорилтуудтай тулгардаг. Үүнээс гадна дэд бүтцийн болон ложистикийн чиглэлээр үүсэх хязгаарлалтууд, олон улсын бараа, бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагын хангалт сул байгаа зэрэг нь эдгээр сорилтуудыг улам гүнзгийрүүлж байна.
Худалдаалагддаг салбаруудыг хөгжүүлэх илүү таатай орчныг бүрдүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг хангахуйц мөчлөг сөрсөн бодлогыг илүүтэй хэрэгжүүлэхийг тайланд санал болгожээ.
Мөн зарим завсрын хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд ногдуулах бодит тарифын хувь хэмжээг бууруулах нь дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Монгол Улсын логистик чадавхыг сайжруулах замаар хүргэлтийн зардлыг бууруулах нь тээвэрлэлтээс ихээхэн хамаардаг бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг өргөжүүлэхэд ач холбогдолтой.
Түүнчлэн эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартыг илүү сайтар дагаж мөрдсөнөөр хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдэд экспортлох боломж бололцоогоо тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Монгол Улс гадаад худалдааны потенциалаа бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгаа төрөлжүүлэн тогтвортой өсөлтийг хангахын тулд гадаад худалдааны бодлого, удирдлага зохион байгуулалтаа үргэлжлүүлэн шинэчилж, сайжруулах нь нэн чухал юм” хэмээн хэллээ.
Газарзүйн болон ложистикийн хязгаарлалтууд ийнхүү тулгарч байгаа нөхцөлд цахим үйлчилгээний худалдааг өргөжүүлэн, дэлгэрүүлснээр Монгол Улс экспортын бараа, үйлчилгээгээ төрөлжүүлэх арга зам байж болох талаар уг тайлангийн тусгай сэдэвт зөвлөмж болгон тусгажээ. Ингэхдээ мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, авьяас ур чадварыг цахим салбарын эрэлт хэрэгцээнд илүүтэй нийцүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх нь өндөр нэмүү өртөг бүхий цахим үйлчилгээг дэмжин хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай юм.
Түнш орнуудын цахим эдийн засагтай хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог бэхжүүлэх нь цахим худалдааг хөгжүүлэхэд мөн тус дөхөм үзүүлнэ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс цахим үйлчилгээ экспортлогч компаниудад зориулж цахим экспортод тавигдах олон улсын зохицуулалт, шаардлагуудыг хангахад нь дэмжлэг үзүүлэх боломжтойг дурджээ.
Эх сурвалж: Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар