Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн өнөөдөр /2023.06.28/ мэдээлэл хийлээ. Тус хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон байна.
Г.Ганжаргалын үеэл дүү О.Гал-Очир хавтаст хэргийн материалын талаар “Манай ахын хавтаст хэрэгт ажилласан нэр бүхий таван мөрдөгч шинжээч хэргийн газрын мөрдлөгийг хангалттай хийгээгүй. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг бүрэн гүйцэт хийгээгүй. Талийгаачийн гарын хээг аваагүй.
Тэр өрөөнд байсан гарын хээ хамт явсан хүмүүсийнх, манай ахынх байна уу гэдгийг тогтоогоогүй гэсэн үг. Хэвлэлээр хийсэн нэвтрүүлгийн дараа Архангай аймгийн мөрдөгч н.Гунгаа гэх хүн “Талийгаач ахын чинь хурууны хээг авсан ч хэрэгт хавсаргаж чадаагүй юм байна” гэсэн.
Амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр нь байгаа. Амьсгал боогдоход бусад эд эрхтэнд илэрдэг шинж тэмдгийн шинжилгээ дутуу хийгдсэн. Шарил нь удсаны дараа ясанд шинжилгээ хийнэ. Тиймээс дээрх шинжилгээг авах боломжгүй юм.
Талийгаачийн өмсөж явсан хувцсыг торонд боогоод бидэнд өгсөн. Наад зах нь хувцас дээрх цусыг талийгаачийн цус уу, өөр хүний цус уу гэдгийг шалгах ёстой байсан. Үндсэндээ доошоо хэвтээ байдалтай, дээр нэг тагт онгорхой байгааг хараад өндрөөс унасан гэх үндэслэлээр энэ хэргийг шалгаад явчихсан. Мэргэжлийн үүднээс харвал маш дутуу ажилласан. Өөр хүнтэй маргасан эсэх, хамт явсан хүмүүсийн биед шарх сорви байсан үгүйг шалгаагүй.
Хэргийн газарт очиход том төмөр эдлэл байсан. Бид зургийг нь дарж авсан болохоос хэргийн материалд нотлох баримт болгож аваагүй. Тэр төмөр эдлэлээр цохиод алах магадлалтай. Иймэрхүү байдлаар хэргийн материалыг дутуу цуглуулсан таван мөрдөгч, шинжээчийг АТГ-т шалгуулж байгаа.
Өндрөөс унах үеийн туршилт хийж үзэхийг удаа дараа цагдаагийн газарт тавьсны эцэст зөвшөөрсөн. Хэргийн газарт очсоноос нэг өдрийн дараа туршилтыг хийхдээ биднийг огт оруулаагүй. Хэрүүл маргаан болсны эцэст эхнэрийг нь оруулсан. Үхсэний хохь, амьдын зол гэдэг. Өндрөөс унасан золгүй явдал гээд хэргийг хаалгуулахгүй. Үнэнийг нь олчхоод цаашдаа амьдармаар байна” гэв.
Харин амиа алдсан Г.Ганжаргалын эхнэр н.Отгонцэцэг тус хэргийн явцын талаар “ Нөхөрт маань хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахь задлан шинжилгээ хийх тогтоол нь гарчихлаа. Эхний хоёр задлан шинжилгээ нь хоорондоо зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй байна гээд прокурорын газраас буцаасан. Гурав дахь шинжилгээг хийхдээ физикийн болон гэмтлийн мэргэжлийн хүмүүсээр шинжилгээг хийлгүүлж өгөөч гэж хүсч байна.
Дөрвөн давхрын 11 метрээс зөөлөн хөрстэй газар унасан хүн яаж гавал тархины хүнд гэмтэл үүсэх вэ. Унасан газар нь чулуугүй өвс ихтэй байхад гавал тархины хүнд гэмтэлтэй. Дотор эрхтнүүд унасан тал руугаа гэмтэл, язрал байхгүй. Тийм байхад өндрөөс унасан гэж яаж батлаад байгаа юм бэ. Хүзүү, улаан хоолойнд цус хуралт үүссэн. Хүзүүнд нь боолт үүссэн юм биш үү гээд шинжээчээс асуухад “үгүй ээ хүзүүгээ нидрээд уначихсан юм аа” гэсэн. Өндрөөс унахыг нь харж байсан юм шиг л хэлсэн. Энэ чинь боолтын үндсэн шинж шүү дээ.
Цээжинд том зулгаралт үүсэж, хувцас нь урагдсан байсан. Хэн нэгэн хүнтэй тэмцэлдсэн гэж харахгүй байгаа юм. Ар нуруунд нь үүссэн зулгаралтыг нас барсны дараах шарх гэсэн. Нас барсны дараа хэн тэр хүнийг очиж цохих юм бэ. Хэргийг хаахаас өмнө хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгт намайг оролцуулаагүй хэрнээ оролцуулсан гээд худал зүйл биччихсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УЕП-д уулзах хүсэлтээ удаа дараа өгсөн ч уулзаж чадаагүй. Энэ хэргийг яаралтай шийдэж өгөөч ээ. Хэргийн газраар явмаар байна гэхэд мөрдөгчид нь наадмаар амармаар байна гэсэн. Наадам өнгөрүүлээд хэргийг хаалаа гээд замхруулах гэж байна” хэмээн ярилаа.