“Тамирын жавар” мөсний баяр Архангай аймгийн Цэцэрлэг хотод өнөөдрөөс /2024.01.12/ эхэлж, хоёр хоног үргэлжилнэ. Уламжлал болсон наадам ч, 2024 оны хувьд цар хүрээгээ тэлж буй уг эвентийн талаарх зарим мэдээллийг зохион байгуулагчдаас тодруулж асуулаа.
-“Тамирын жавар”-т хэчнээн хүн оролцохоор байна?
-Бид 10-20 мянган хүн оролцоно гэж тооцоолсон. Цэцэрлэг хотын зочид буудлуудын захиалга 7 хоногийн өмнө дүүрсэн. Ингээд хувь хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, айлууд байр, байшин, өрөөндөө зочдыг авч эхлээд байна. Эдгээр захиалга ч гэсэн ер нь бараг дүүрч байгаа болохоор тооцоолсон хэмжээний зочид иржээ гэж ойлгож болно. Зөвхөн Мөсөн шагайн тэмцээнд оролцохоор 400 тамирчин бүртгүүлсэн байна.
-Мөсөн шагайн наадам ихэвчлэн гол дээр болдог. “Тамирын жавар” баярын тэмцээнд зориулж мөсөн талбай байгуулсан гэсэн?
-Тийм ээ. “Тамирын жавар” мөсний баярын энэ жилийн онцлог нь 700 уролон өвс, 2000 ширхэг пресс өвсөөр 100Х80 хэмжээтэй стадион барьсан. Уг стадион дотроо 100 метрийн урт, 50 метрийн өргөнтэй мөсөн талбайг бэлдсэн. Энд мөсөн шагайн тэмцээн болно. Харин баярын дараа уг стадионыг босгосон өвсийг малчдад хямдралтай үнээр худалдах юм.
-Мөсний баярт очсон зочид мөсөн дээр тоглох, гулгах, зурагаа авахуулах зорилготой байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээг хэрхэн зохион байгуулж байна?
-Тамирын гол дээрээ гулгана, тоглоно. Мөсний баяр болох орчимд Тамирын гол дээр зочид гулгах, тоглох зэргийг тооцоолж зохион байгуулалт хийсэн. Мөсний зузаан хэвийн байгаа учраас цөмрөх эрсдэлгүй гэсэн үг.
“Тамирын жавар” мөсний баяр өнөөдөр 11 цагаас эхэлнэ. Баярын хүрээнд үйлчилгээ эрхэлж буй ААН-үүдийн 70 хувь нь орон нутгийн бизнес, 30 хувь нь нийслэл болон бусад аймгуудаас зорин очжээ.