“NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа сүүлийн үед “Netflix”-ийн “Single’s Inferno” реалити шоугаар од болоод буй Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн тамирчин И Гван Хиг онцолж байна. Өдгөө 35 настай тэрбээр “Single’s Inferno” шоуны гуравдугаар улирлын гол хүнээр тодроод байгаа бөгөөд ирэх долоо хоногийн дугаараар эцсийн шийдвэрээ гаргаж, тамаас хэнтэй зугтахаа шийднэ. Ингээд ойлгомжгүй, мэдрэмжгүй ч охид бүсгүйчүүдийг өөртөө татах чадвартай гэгдэж буй түүнтэй танилцъя.
ХӨНГӨН АТЛЕТИКТ ДУРТАЙ ХҮҮ
И Гван Хи 1988 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Дэгү хотод мэндэлжээ. Тэрбээр Чилгок бага сургуульд сурсан бөгөөд анхандаа сагсан бөмбөг бус хөнгөн атлетикаар хичээллэж, спортод татагдсан гэнэ. Зөвхөн чөлөөт цагаараа л сагсан бөмбөг тоглодог байв. Харин бага сургуулийнхаа тавдугаар ангиас сагсан бөмбөгөөр хичээллэх болж, эргэлт буцалтгүй тамирчин болохоор шийдсэн аж.
Анх сагсан бөмбөгийн тоглолт үзсэн талаараа Гван Хи дурсахдаа “Анх сагсан бөмбөгөөр хичээллэж эхлээд аавтайгаа Ёнсэй их сургуулийн тоглолтыг үзэж байлаа. Тэр үед аав минь Ким Дон Вүк рүү заагаад ‘Чамайг сагсан бөмбөгөөр шаргуу хичээллэж, Ёнсэй их сургуульд ороосой гэж хүсч байна” гэсэн юм” гэжээ. Түүнийг дунд сургуульд байхад шар үстэй Ким Сын Хюн гэх тамирчин Солонгост алдартай байсан учир өсвөр насны хүү түүн шиг болохыг хүсч, шүтэв.
Дунд сургуулиа төгсөөд Гван Хи Наксаенг ахлах сургуульд элсчээ. Тэрбээр тус сургуулийн сагсан бөмбөгийн гол тамирчин болж, оноо авалт, хурдан довтолгоогоороо гайхагдаж байсан түүхтэй. Ийнхүү ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Солонгосын хамгийн алдартай, нэр хүндтэй сургуулиудын нэг болох Ёнсэйд орж чаджээ.
ГЭР БҮЛЭЭРЭЭ СӨҮЛД ИРСЭН НЬ
Том хүү нь Сөүлийн хамгийн том сургуулиудын нэгт сурахаар болсон тулд тэднийх гэр бүлээрээ Сөүл рүү нүүхээр шийджээ. Гван Хи Сөүлд ганцаараа амьдрахыг хүссэн ч ээж нь түүний энэ санааг зөвшөөрөөгүй гэнэ. Улмаар Сөүлд суурьшиж, аав нь ажлын өдрүүдээр Дэгү хот руугаа ажилдаа явж, зөвхөн амралтын өдрөөр л гэртээ ирдэг байв. Гван Хи оюутан насаа амьдралынх нь хамгийн харанхуй үе байсан гэж тодорхойлсон. Учир нь их сургуульд тэрбээр олон хүнд гэмтлийг авч, хүнд хэцүү бэлтгэлийг арай хийн давсан ч хүссэн тоглолтоо үзүүлж чадаагүй гэв.
Сөүлд гэр бүлээрээ ирсэн талаараа Гван Хи “Сөүлд ирсэн нь манай дүүд их сайнаар туссан. Сайн боловсрол эзэмших боломж нь бүрдсэн. Гэхдээ надаас болж бас их хохирсон. Учир нь би өглөө эрт бэлтгэлтэй байдаг байсан учир өрөөний гэрлээ эрт унтрааж, унтдаг байлаа. Үүнээс болж дүү минь хичээлээ сайн давтаж, даалгавраа бүрэн хийдэггүй байсан юм. Тэгээд л шалгалтан дээрээ унавал миний буруу болдог байсан” гэж дурсчээ. Үүнийхээ хариуд ч Гван Хи одоо дүүдээ долоо хоногт 1-2 удаа халаасны мөнгө өгдөг гэнэ.
Их сургуулийнхаа эхний гурван жил Гван Хи сэлгээний тоглогч байв. Харин дөрөв дэх жилээсээ гараанд гарч, гол оноо авагчдын нэг болсон аж. Гэвч бэртэл гэмтэл болон тааруу шидэлтээсээ болж Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн багуудад төдийлөн тоогдсонгүй.
ДЭЭД ЛИГИЙН “УУРТАЙ” ТАМИРЧИН
Ёнсэй их сургуулийн гарааны тамирчин Гван Хи 2011 оны Солонгосын дээд лигийн драфтын хоёрдугаар тойргийн тав дахь сонголтоор Сөүл Самсунг Тандерс багт сонгогдлоо. Лигт элссэн дурсамжаа тэрбээр хуваалцахдаа “Би тэр үед таагүй байдалтай байсан. Ээж, аавынхаа өмнө буруутай юм шиг санагдсан. Надаас өмнө сонгогдсон залуусаас би илүү байж болох байсан ш дээ л гэсэн бодол орж ирсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш өдөр бүр шаргуу бэлтгэлээ хийсэн” гэжээ.
Гван Хи Тандерсын өмсгөлтэй эхний хоёр улирлаа сэлгээнээс тоглож өнгөрүүлэв. Шидэлт тааруу, туршлагагүй залуу тамирчныг төдийлөн талбайд ашигласангүй. Улмаар Ким Дон Кван дасгалжуулагч ажлаа өгч, түүний оронд ирсэн дасгалжуулагч И Гван Хиг гараанд гаргасан. Олдсон боломжоо ч залуу хүү ашиглаж бага багаар сайжирч, шинэхэн дасгалжуулагчийнхаа урмыг хугалсангүй.
2015-2016 оны улирлын амралтаар Гван Хи чөлөөт агент болж, Сөүл Самсунг Тандерс багтайгаа жилийн 100 сая воны гэрээ байгуулжээ. Улирлын амралтаараа ч зүгээр байсангүй Филиппиний лигийг зорьж, тэнд өөр түвшний бэлтгэлд хамрагдав. Филиппиний Финикс Фуэл Мастерс багийн өмсгөлтэй 13 тоглолтод оролцсон тэрбээр тус улсад тоглосон талаараа “Филиппиний лигт тоглосноор надад аль ч улсын лигт тоглож чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн. Тэнд би илүү сайн тамирчин болсон. Тэнд бэлтгэл хийснээр би илүү сайжирсан” гэв.
2019-2020 оны улиралд Гван Хи Тандерс багтайгаа жилийн 250 сая воны гэрээ шинэчлэн байгуулж, өнгөрсөн улирлаасаа даруй 70 сая вон илүү хүртжээ. Харин 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Тандерс баг түүнийг Чанвон LG Сакерс баг руу сольжээ. Сүүлд тэрбээр шинэ багтайгаа дөрвөн жилийн гэрээ байгуулахдаа жилийн 600 сая воны цалин, урамшуулал авахаар тохиролцсон гэнэ.
Ли Гван Хиг Солонгосын лигийн Ману Жинобили мөн тааруу шидэлтээс нь болж ЛеБрон Жэймс гэж хочилдог аж. Үүнээс гадна тэрбээр талбай дээр ширүүн зан характертэй нэгэн. Эсрэг багийнхаа олон ч тамирчинтай муудалцаж, заримтай нь бүр гар зөрүүлж байсан удаатай. Ялангуяа “KCC Eagles” багийн И Жүн Хюнтэй эртнээс таагүй харилцаатай болжээ. Зарим хэвлэлд дурдсанаар И Жүн Хюн Гван Хигийн найз охиныг булаасан гэнэ.
ТАМ, ДИВААЖИНГИЙН ХООРОНД
Гван Хи үнэндээ “Single’s Inferno” шоуны хоёрдугаар улиралд оролцохоор хүсэлтээ өгч байжээ. Гэвч багийнх нь зүгээс түүнийг шоунд оролцохыг эсэргүүцэв. Энэ талаар тус шоуны продюсер Ким Жа Вон ярихдаа “Гван Хи үнэндээ хоёрдугаар улиралд оролцохоор хүсэлтээ өгсөн. Гэвч баг нь зөвшөөрөөгүй. Харин хоёр жилийн дараа түүнийг оролцож байгаад баяртай байна. Багт нь талархаж байна” гэжээ.
Түүний Солонгосын дээд лигийн бүх оддын тоглолтод өмссөн өмсгөл 1.98 сая воноор зарагджээ.
Гван Хиг телевизийн реалити шоунд оролцож буйг сонссон Сакерс багийн дасгалжуулагч Чо Сан Хюн “Гван Хи надад хэлэхдээ арванхоёрдугаар сард би энэ ордоныг дүүргэнэ гэж байсан. Ийм л учиртай байж дээ. Тэр ийм л залуу. Цагаа олж, шоуддаг” гэж шоолонгуй ярьжээ.
“Single’s Inferno”-ийн гуравдугаар улирлын гол дүрээр Гван Хи тодроод буй. Түүнтэй хамт тамаас зугтахаар бүр гурван охин өрсөлдөж байна. Сүүлд гарсан есдүгээр дугаарын бүсгүйчүүдийн тоглоомын сүүлийн шатыг хүртэл “Гван Хигийн төлөөх тулаан” гэж нэрлэсэн. Сагсчин эр өөрөө ч шоуны эхэнд гурван бүсгүй таалагдаж байгаагаа галын дэргэд нуулгүй хэлж, бүгдэд нь 33 хувь татагдаад байгаа гэсэн. Харин сүүлийн дугааруудад Мин Жи орж ирснээр Гюригийн байр суурийг эзэлж, Хесон, Хажон нартай өрсөлдөж байгаа харагдсан.
Гэхдээ “Single’s Inferno”-ийн үнэнч үзэгчид Гван Хиг хүндлэлгүй, хулчгар, өөртөө хэт итгэлтэй, бардам, бөөрөнхий зэргээр тодорхойлж байна. Ямартай ч ирэх долоо хоногт цацагдах сүүлийн дугаарт Гван Хи хэнийг сонгож, тамаас зугтах вэ гэдэг хариулт фэнүүдийнх нь сонирхлыг татаж байна.