Өнгөрсөн сард Нью-Йорк хотод болсон тоглолтоо хоёр цаг гаруй хугацаагаар оройтож эхлүүлсэн шалтгаанаар хоёр үзэгч поп од Мадоннаг шүүхэд өгчээ.
Мадоннагийн тус хотод болсон гурван удаагийн тоглолт нь бүгд 20:30 цагаас эхлэх ёстой байсан ч бүгд 22:30 цагаас хойш эхэлж, шөнийн 01:00 хүргэсэн тухай шүүхийн гомдолд өгүүлсэн байна.
Хэрвээ тоглолт ингэж оройтох байсан бол тэд “тасалбар авахгүй байх байсан” гэжээ.
Майкл Фэллоу, Жонатан Хадден нар шүүхэд гаргасан гомдолдоо “Тоглолт үзсэн олон хүн маргааш нь өглөө эрт босож, ажилдаа явах, гэр бүлдээ анхаарал тавих ёстой байсан” гэж бичсэн байна.
Тэд бас тоглолтыг зохион байгуулсан Live Nation компани, тоглолт болсон Barclays Center төвийг “худал сурталчилгаа явуулж, хууран мэхэлсэн” хэмээн буруутгажээ.
Фэллоу, Хадден нар мөн Мадоннагийн тоглолтдоо хоцорч ирдэг уламжлалыг өмнөх концертуудыг нь жишээ болгон тоочсон байна.
Тэд оройтсон тоглолтоос ямар хэмжээний хохирол амссанаа тодорхой дурдаагүй байна.
Гэхдээ Мадоннагийн хувьд үзэгч фэнүүдээс нь гомдол гаргасан анхны тохиолдол энэ биш юм.
2019 онд АНУ-д болсон тоглолтын дараа нэг үзэгч ижил шалтгаанаар поп одыг шүүхэд өгсөн ч сарын дараа сайн дураар гомдлоо эгүүлэн татаж байжээ.
Энэ онд 66 нас хүрэх Мадонна өөрийн бүх цаг үеийн 40 гаруй шилдэг дуунаас бүрдсэн Celebration нэртэй аялан тоглолтоо АНУ, Канад, Европын хотуудад зохион байгуулсан юм.
Эх сурвалж: BBC