Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн онцгоы байдлын газрын дарга А.Дашням
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК 10:00 цагт хуралдаж, Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагын албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Дүүргүүдэд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга нар газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох ажлыг хийнэ. Нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах юм гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, цэргийн анги нэгтгэлүүдээс хүн хүч татах, Сэлбийн байршлууд дээр далан босгох, зарим гүүрэн байгууламжийг буулгах асуудлыг хэлэлцэнэ. Цаашид ч бороо үргэлжлэн орох тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих, хүн хүчээ зөв хуваарилаад эрсдэлээс сэргийлэх, шаардлагатай арга хэмжээ авах үүрэг, чиглэлүүд өгсөн байгаа. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр ажиллаж буй албан хаагчдад бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид голын ай сав газар зөвшөөрөлгүй барилга барих, стандарт нормыг алдагдуулах зэрэг зүйлсийг таслан зогсоож, засаж залруулж ажиллана хэмээв.