Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард иргэддээ хандаж үг хэлдэг. Тэгвэл 2023 оныг дүгнэж, 2024 оныг угтсан тэдний баярын “хундага”-ны үг юу байв. Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хувьд эдийн засгаа хорлон сүйтгэсэн элдвийн халамж, амлалт өгсөнгүй. Ерөнхийлөгчийн зүгээс гадаад харилцааны дэвшил болон дэлхийд Монголыг таниулсан айлчлалуудаа хөндөж, гадаад талдаа болон дотроо эв эеийг сахихыг уриалсан бол Ерөнхий сайдын дүгээс авлигын эсрэг тэмцлийн хүрээнд гарсан эдийн засгийн өсөлтүүдээ дурдлаа.
У.ХҮРЭЛСҮХ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ӨРНӨЛ БАДРАЛЫН ТҮҮХЭН ОН ЖИЛ БАЙСАН
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үедээ улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын гээд амаргүй хүнд цаг үе байсан хэдий ч монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн, хүнсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжиж, түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн жил байсныг тодотголоо. Түүнчлэн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байсан гэв. Монгол Улс 2023 онд НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай болсныг цохон тэмдэглэв. Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдсэн гэдгийг хэллээ.Энэ бол Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын бодит үр дүн, ололт амжилттай холбоотой гэв.
Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн хэлснийг онцлон дурьдав. Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл гэдгийг мэндчилгээндээ тодотголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээнийхээ төгсгөлд “Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү. Айлчлан ирж буй 2024 онд даяар Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.
Г.ЗАНДАНШАТАР: “ЧИМЭЭТЭЙ” ХҮЧИРХЭГ ХӨРШҮҮДИЙН ДУНД “ЧИМЭЭГҮЙ” АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛСЭЭР БАЙНА
Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээнийхээ эхэнд Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн эрх, байгалийн баялаг, дайн, тахал гээд үйл явц өрнөл сургамжаар дүүрэн он жил өнгөрч байгааг цохон тэмдэгллээ. Тэрбээр, Алдаа оноо, гажуудал сургамж хослосон цаг үеийн сорилтод хэрсүүжин чангарч зөв зүйтэй хөгжил, дэвшил, сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж байна.
Алдсан, оносон, суралцсан, зоригжсон ард түмэн нэгэнт зөв зүгт чигээ олж худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна. Авлига, хулгай, утаа түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байгааг магтан сайшаав. Үүний үр дүнд олон жил бугшсан гажуудлын шалтгаан болох тогтолцооны өөрчлөлтүүд хэрэгжсэн, хийгдсэн. Авлигын эсрэг хууль эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөр хуульчлагдсан, авлигын эсрэг ялын бодлого эрс чангарсан, Төрийн хяналт шалгалтын хууль хуульчлагдсанаар гэм буруутнууд ээлж дараалан илэрсээр байна гэв. Хагархай цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт хуулийн засаглалыг хүчирхэгжүүлэн, бэхжүүлж аливаа гажуудлыг хуулиар засаглах нь зөв арга, суурь зарчим мөн юм. Хуулийн эко систем бүрдэж, нийгмийн ужиг гажуудлууд нуран задарч, иргэдийн шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгжин, эрүүлжих эерэг шинж мөн гэдгийг тодотгов. Улмаар айлчлан ирсэн 2024 онд тогтвортой сайн засаглалын төлөө, эрх мэдлийн төвлөрлийг задалж, парламентын гишүүдийн тоог нэмж, бүсчилсэн хөгжлийн төлөө сонгуулийн тойргоо томсгож чадсан гэв. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллага УИХ шинэчлэл өөрчлөлтөд манлайлан оролцож үйл ажиллагаагаа цахимжуулж, иргэдийн засаглах эрхийг дижитал хэлбэрээр баталгаажуулсан нь өнгөрсөн оны ололт байсан хэмээн онцоллоо. Мөн дэлхийн уур амьсгалыг тодорхойлогч “чимээтэй” хүчирхэг хөршүүдийн дунд бид “чимээгүй” ардчиллыг бэхжүүлсээр байна. Бидний ардчиллын хүч бол парламент засаглал юм гэх түүний үгэнд олон үнэт зүйл, үзэл санаа агуулагдсан хэмээн дүгнэж болохоор байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ эдийн засгийн агуулгаар үргэлжилсэн бөгөөд ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж, төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж тэгш бус урвуу амааралтай байгааг засах ёстой хэмээн тодотгоод үүний үр дүнд хэрэглэгч биш бүтээгч үндэстэн, импортлогчоор экспортлогч үндэстэн, халамжаас хөдөлмөрт шилжих боломж бүрдэнэ гэв. Улмаар ганц тулгуурт эдийн засагтай байх нь, нэг орноос хэт хамааралтай байх нь урт хугацаандаа бодит эрсдлүүдийг бий болгосоор байх болно. Тиймээс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрсдийн өрсөлдөх задварыг бэхжүүлж бие даасан, хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг асуудлаар нэгдмэл байр суурьтай болох цаг ирсэн гэв. Тэрбээр мэндчилгээнийхээ төгсгөлд “Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол нөгөө талаар цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Шинэчлэлийн энэ эрчимжсэн инерцийг хэн ч тогтоож дийлэхгүй. Тиймээс нэгэнт эхэлсэн шинэчлэх хөдөлгөөний эрчийг алдуулалгүй улс орноо гажуудлаас гарган тогтвортой хөгжлийн замд оруулах, цэгцрэх үйл хэрэгт иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Мөн шинэ эргэлтийн шинэ ондоо шинэчлэлт, өөрчлөлтийн гэрч, оролцогч, бүтээгч, зохиогч, хамгаалагч нь байхыг онцоллоо.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:ТҮНЭР ХАРАНХУЙГ ҮЛДЭН ХӨӨЖ МАНДАХ НАРНЫ ТУЯА ТУСАЖ ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилгээ дэвшүүлж байгаагаа онцлов. Тэрбээр мэндчилгээнийхээ эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёрдахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориулсан гэдгээ цохон тэмдэглэлээ. Тэрбээр, шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байгааг онцлов. 2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй гэж хүсэв. Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрсэн зэрэг хулгай, луйврыг илчилснээр эдийн засагт олон эерэг өөрчлөллт гарч, улсынхаа өрнөөс хагасалсан талаар мэндчилгээндээ онцоллоо. Улмаар “Шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулана. Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв. 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно гэв. Эцэст нь ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил эхэлж байгааг мэндчилгээндээ онцоллоо.