Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох замаар Засгийн газар компанийн үйл ажиллагааг шууд удирдаж байгаа талаар “Онцгой дэглэм ба төрийн өмчийн хяналт” бодлогын шинжилгээний зөвлөмжийг танилцуулах уулзалт боллоо.
Онцгой дэглэм тогтоох нь компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.
Гэвч энэ нь компанийн бие даасан хараат бус байдлыг хангах засаглалын олон улсын стандарт болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа дотоодын хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар үзэж байгаа аж.
- 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д
- 2022 онд Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой Төмөр зам ХХК, Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоожээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигчидтэй бол “Тавантолгой ХК”-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм. Иймд дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”,”хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарласан байна гэж судлаачид үзжээ.
“ЗГ өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байна”
Судлаачид уг бодлогын шинжилгээнийхээ талаар дараах зүйлсийг онцлов.
– Засгийн газар компанид онцгой дэглэм тогтоож байгаа нь ямар хуулийн заалтуудад харшилж байна вэ?
– Засгийн газар өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан шилжилтийн үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий хууль буюу БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байна.
Уг хуульд заасан “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог өргөжүүлэн хэрэглэжээ. Харин уг хуулийг батлах үед хувийн эрх зүйн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах “компани” гэх зохион байгуулалтын хэлбэр хараахан байгаагүй бөгөөд 1991 оны тавдугаар сард батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулиар компанийн хэлбэр анх бий болжээ. Иймд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь компани, нөхөрлөл, хоршоо, сан, холбоо зэрэг хувийн эрх зүйн хуулийн этгээдийн хүрээнд үйлчлэхгүй хэмээн дүгнэж болох юм.
Мөн Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”,”хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарлаж байна. Төрийн зүгээс компанийн хувьцааг эзэмшиж байгаа эсэхээс үл хамааран бүх төрлийн компанийн харилцаанд Компанийн тухай хууль нийтлэг үйлчилнэ.
– Компанийн удирдлага, үйл ажиллагаанд хямрал үүсвэл онцгой дэглэм тогтоолгүйгээр хэрхэн өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэх вэ?
– Өмчлөгчийн хяналтыг компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжтой. Компанийн дотоод болон хөндлөнгийн аудитын тогтолцоог үр дүнтэй ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авах боломж өнөөгийн эрх зүйн орчинд байгаа.
“Иргэд эрх зүйн боловсролоо дээшлүүлж хувийн эрхзүйн харилцаанд төр давуу эрх эдлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй”
– УИХ-д өргөн баригдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд орсон байгааг хасах шаардлагатай гэж үзэж байна уу?
– Компанийн эрх зүйн харилцааг тусдаа бие даасан хуулиар зохицуулж буй өнөө үед төрийн болон орон өмчит компанийн удирдлагын тогтолцооны хямралыг даван гарах арга механизм, процедурыг салбар хуульд нийцүүлэн тогтоох учиртай.
Төслийн 26-р зүйлд Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох тухай зохицуулалт туссан. Гэвч 1991 оны хуулийн заалттай адил байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд туссан нь Үндсэн хуулийн үзэл санаа, Иргэний хууль, Компанийн тухай хуулиар тогтоосон суурь зарчимд харш дээрх үзэгдлийг жишиг болгон тогтоох эрсдэлтэй.Иймд судлаачдын зүгээс уг заалтуудыг хасах шаардлагатай гэж үзэж байгаа.
Иргэд эрх зүйн боловсролоо дээшлүүлж хувийн эрх зүйн харилцаанд төр давуу эрх эдлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.