Ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрч, гадаа -40 хэм давж хүйтэрсэн. Энэ үед иргэдийн тог цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний салбарын ачаалал дээд цэгтээ хүрч буйг мэргэжилтнүүд онцолж буй. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй тог цахилгаангүй болох эрсдэлтэй өвөлжиж байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд тодорхой хэсгүүдэд цахилгааны хязгаарлалтыг хийгээд эхэлсэн. Өмнө нь цахилгаан сүлжээний гэмтэл, засвар хийхдээ хуваарь гарган, энэ байршлуудад тог цахилгаан хязгаарлана гэж мэдэгддэг байсан. Харин энэ удаагийн эрчим хүчний эрсдэлтэй нөхцөл байдлааас шалтгаалан хязгаарлалтыг урьдчилж мэдээлэх боломжгүй байгааг албаныхан онцоллоо.
Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн гарчээ. Иргэдийн хэрэглээний өсөлт нь Монголын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна гэдгийг мэдэгдлээ.
Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байгаа гэв. Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэ нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсч байна гэдгийг албаныхан уриалжээ.
Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг.