Аянга цахилгаантай борооны улмаас гурван аймгийн таван сумын нутагт хүн эндэж, мал хорогджээ. Тухайлбал,
- Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн нутаг Хөшөөт гэдэг газарт долоодугаар сарын 30-ны 15:50 цагийн орчим айлын гэр дээр аянга бууж, нэг хүн өртөж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиход Гурванжигэртэй багийн малчин Б-ийн гэр дээр аянга бууж, 52 настай эмэгтэй өртөж нас барсан байв.
- Увс аймгийн Өлгий сумын Чаргад багийн нутаг Хөндөөгийн-Эхэн хэмээх газарт долоодугаар сарын 30-ны 06:30 цагийн орчимд айлын гэр дээр аянга буусан тухай мэдээллийг мөн өглөөний 10:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиход малчин Л-ийн гэр дээр аянга бууж гэрийн бүрээс хайлж, тоононы баруун хэсэг хагарсан байсан. Хүн гэмтэж бэртээгүй.
- Увс аймгийн Ховд сумын Халиун булаг багийн нутаг Олон нуурын бэлчир гэдэг газарт долоодугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн орчимд аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг мөн өглөөний 07:55 цагт хүлээн авсан. Халиун булаг багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд газар дээр нь очиход тус багийн малчин Т-ийн 14 үхэр аянганд цохиулж хорогдсон байсан.
- Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн нутаг Алтан хөхий Хайрхан-Овооны таг гэх газарт энэ сарын 30-ны 08:00 цагийн орчим аянга бууж, мал өртөж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын малчин У-ын 17 үхэр аянганд цохиулж хорогдсон тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.
- Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг Улаан-Үзүүр гэдэг газарт долоодугаар сарын 30-ны өдрийн 16:30 цагийн орчим аянга бууж, малчин С.Янжмаагийн 30 бог мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтанууд очиход тус багийн малчин Я-ийн 30 бог мал аянганд цохиулж хорогдсон байсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.