Нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах цогц хөтөлбөрүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд анх Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн санаачлага, Хаан Банк Сангийн дэмжлэгтэйгээр найман жилийн өмнөөс орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы оролцогч талуудын 2024 оны ажил хэргийн анхны уулзалт хэлэлцүүлэг 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр боллоо.
Уулзалт хэлэлцүүлэгт УГТЭ, Хаан Банк Сан, НЭМҮТ-ийн удирдлага, төлөөллүүд оролцож, 2023 онд хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны үйл ажиллагааны тайлангаа нэгтгэн дүгнэж, 2024 онд тус аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлтийн талаар хэлэлцэж санал солилцлоо.
Хүн төвтэй нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаан болж буй цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг хийх замаар иргэд олон нийтийг цусны даралт ихсэлтээ мэддэг, хянадаг чадвар хэвшилд сургах, цусны даралтын хүндрэлийн эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор 2017 оноос эхлүүлсэн уг аян өнгөрөгч 2023 онд нийт 5 аймагт амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн 22000 иргэнийг цусны даралтын эрт илрүүлэг үзлэгт хамруулж, иргэд олон нийтэд даралт ихсэлт, түүний эрсдэл хүчин зүйлээс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан юм.