“Ачуут гол” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай үнэр сэдвээр ярилцлаа.
-Хүний биеээс ялгарч буй үнэрийн тухайд та тайлбарлаж ойлголт өгөөч?
-Үнэрийн тухай ойлголт өгөхийн тулд эхлээд хүний биеийн таван мэдрэхүйн тухай яригдана. Хүний мэдрэлийн системийг төвийн болон захын гэж хуваана. Харин үйл ажиллагаагаар нь хөдөлгөөний болон мэдрэхүйн мэдрэл гэж авч үздэг. Инээх, нугалах, тэнийлгэх, атгах, гүйх харайх гэх мэтээр хөндлөн судалт булчин, араг ясны булчинг мэдрэлжүүлдэг мэдрэлийг хэлнэ. Таван мэдрэхүйн нэг чухал мэдрэхгүй нь бол үнэрлэх мэдрэлээр дамждаг. Үнэр гэдэг нь мэдрэхүйн эрхтний нэг сэрэл, хүлээн авагчийг цочроож байгаа зүйл. Өөрөөр хэлбэл үнэрлэхүйн мэдрэлийг хүлээн авагч мэдрэлийн эсийг цочроож байгаад хариу урвал үзүүлж байгаа энэ зүйлийг үнэр гэдэг.
Бид үнэрлэдэг. Гэхдээ хүний үнэрлэх боломж, чадвар амьд бусад амьтадтай харьцуулахад маш сул. Зэрлэг амьтдын хувьд үнэр бол харилцааны хэрэгсэл, тэд үнэрээрээ ярилцдаг. Үүнийг анагаах ухаанд феромон гэдэг. Феромин гэж бодис нь тухайн амьд амьтны биеийн аль нэг хэсэгт байрладаг шүүрэл ялгаруулдаг булчирхайгаас ялгарна. Тэр тодорхой үнэр, баас, шээсээр амьтад өөрсдийнхөө харьяаллын бүсийг тодорхойлдог. Буур л гэхэд ороо нь орох үедээ шилэн дээрээс ялгардаг бодисоо энд тэнд очиж шөргөөж налдаг. Энэ нь буурын ороо орсныг бусад эмэгчингүүдэд мэдээлдэг мэдээллийн хэрэгсэл болно. Тэгэхээр зэрлэг амьтдын үнэрлэх чадвар бол маш өндөр хөгжсөн. Харин хүн зэрлэг араатан амьтантай харьцуулах юмбол үнэрлэх чадвар нь сул, хязгаарлагдмал гэсэн үг.
Миний түрүүн тодорхойлон хэлсэн үнэр үнэрлэхүйн мэдрэлээр дамжаад таагүй бол стресс үүсгэдэг, дотор муухайруулдаг, хариу урвал үзүүлдэг. Таатай бол төв мэдрэлийн системийг тайвшруулдаг. Энгийнээр ойлгуулахад маш олон химийн нэгдлийг үнэр гэж нэрлэдэг.
-Шивэр, хулмас гэдэг чинь хөлсний булчирхайд эмгэг үүссэн гэсэн үг-
-Хүний биеэс ялгарч буй үнэрүүд хэрхэн бий болдог вэ?
-Хүний бие дэх булчирхайнуудыг гадаад, дотоод шүүрлийн эрхтэн гэнэ. Дотоод шүүрэлд нойр булчирхай, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, элэг, ходоод бас шүүрэл ялгаруулна. Гадагшаагаа шүүрэл ялгаруулдгийн тухайд хөлс, шүлс, тос, сүүний булчирхай гэж байна. Гадагшаагаа шүүрүүлдэг шүүрлийн үнэрээр тодорхойлдог. Хүнээс ялгардаг хамгийн түгээмэл үнэр бол хөлс. Хөлс нь дотроо эрүүл хөлрөлт, эмгэг хөлрөлт гэж байдаг. Уламжлалт анагаах ухаанд хүмүүсийг хий, шар, бадгана махьбод хэмээн гурван хэв шинжид хувааж үздэг. Үүнээс шар махбодьтой буюу дотор халуун ихтэй хүмүүсийн хөлс илүү үнэртэй. Шар махбодийн бэлэг чанар дотор үнэрлэг гэж тодотгосон байдаг. Дотор халуунтай, цөс чулуутай, цус өтгөн, даралт ихэсдэг, цусны халуун, элэг цөсний өвчтэй шарын халуунтай хүмүүсээс гарч байгаа хөлс илүү хурц үнэртэй байх нь. Харин хий, бадгана махбодьтой хүмүүсээс ялгарч байгаа хөлсний үнэр, хөлрөлт нь ч бага байна. Уламжлалт анагаах ухаанд гурван махбодь, долоон тамир, гурван хир гэж бий. Хөлс, шүлс, цэр, өтгөн, шээсийг гурван хир гэх бөгөөд бодисын солилцоо явагдаад хэрэгтэй юмнууд нь биед шингэж, хэрэггүй юмнууд нь биеэс гарна гэсэн санаа. Хэрэггүй зүйлс буюу хир дотор нь үнэр ялгаруулдаг хөлс, шивэр, хулмас бас багтана. Улмаар өтгөн, шээсийг үнэрээр нь оношилдог. Дотор эрхтэн, элэг цөс муутай, өтгөн хатдаг, дасгал хийдэггүй хүмүүсийн ходоод гэдэст удсан хоол илүү үнэртэхээс гадна өтгөний өнгө өөрчлөгдөж, үнэр их байдаг. Тэгэхээр үнэр бол маш чухал, ялангуяа анагаах ухааны мэдлэгтэй хүмүүст маш их мэдээлэл өгдөг.
-Хүний биеэс ялгарч байгаа үнэрээр нь оношлох боломжтой гэсэн үг үү?
-Хөлрөлтийг эрүүл болон эмгэг гэж авч үздэг. Организм нь хордсон болон дасгал хөдөлгөөн хийгээд хөлрөх хөлрөлтийн хэмжээ, үнэр нь огт өөр. Эмгэг хөлрөлтийн үнэрээр эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж болно. Хордлого, ямар нэг өвчин, цэвэршилтийн үе гээд хөлрөлтүүдийн үнэр өөр өөр байдаг. Химийн бодис, эм, хоол, архинд хордсон хүмүүсээс гарч байгаа хөлсний үнэр, амьсгалаар гарч байгаа үнэр, уушгинаас гарч хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн солилцоогоор явж байгаа үнэрт хүхрийн нэгдэл бүгд маш таагүй. Эндээс хувь хүн өөрөө өөрийгөө мэдэрч болно. Маш ихээр хөлрөх үед хөлсний найрлага нь илүү усархаг болно. Харин хөлс бага байвал дотор нь агуулагдаж байгаа давс, эрдэс бодисын хэмжээ өндөр байна.
-Шивэр гэдэг үнэр хэрхэн бий болдог вэ?
-Доод мөч хөлийн тавхай, хуруу орчимд байгаа хөлсний булчирхайнаас ялгарч байгаа хөлрөлтөд эмгэг үүсч байгааг бид нар шивэр гэдэг. Шивэртэй хүнээс таагүй үнэр үнэртэнэ. Энэ нь тухайн хүний биед ус, давс, эрдсийн солилцоо хэвийн биш явагдаж байгааг тодорхойлж байгаа юм. Хөлсний булчирхай буюу хөлрөлт усны солилцоонд оролцдог. Их хөлрөөд байвал тэр хүний усны хэмжээ буурч хордлогын шинж илэрнэ. Тэгэхээр хөлс үнэртэй гарна. Шивэр бол ерөөсөө л энэ. Мэдээж хувь хүний ариун цэврийн дэглэм энэ тэр нөлөөлнө. Гэхдээ л цаана нь хөлөнд байгаа хөлсний булчирхайнуудын шүүрэл хэвийн биш, нян, бактери, мөөгөнцөр үржих таатай орчин үүсч урвал явагдаад үнэр гарч байна гэсэн үг.
-Харин хулмасны тухайд?
-Адилхан суганы булчирхайнаас ялгарч байгаа хөлрөлтөд эмгэг үүссэн гэсэн үг. Дээрээс нь тухайн улс орны цаг агаар, хоол тэжээл бас нөлөөлдөг. Монголчууд, азиудын дунд хулмас бол харьцангуй бага. Гэтэл европчууд хойшоо оросууд бол бараг толгой дараалан шүү дээ. Хулмас халддаг. Эрүүл хөлөрдөг хулмасгүй хүн хулмастай хүний хувцас өмсөх юмбол үнэр үүсгэж байгаа халдвар чийглэг орчинд өсөж үрждэг мөөгөнцөрөөр халддаг.
-Элэгний өвчтэй хүнээс гашуун, муудсан мэт үнэр ялгардаг-
-Үүнээс гадна хөлс, амьсгалаар ялгарч бусдад таагүй мэдрэмж төрүүлдэг үнэрүүд ямар учиртай вэ?
-Шээс, хөлс, амьсгалаар архи шиг үнэр гарч байвал бие органимзын цууны хүчилд нөлөөлсөн байна, маш их хордлоготойг илэрхийлнэ. Чихэр шиг, эхүүн үнэр ялгарч байвал чихрийн шижин өвчний шинж тэмдэг. Чихэр эсвэл жимслэг үнэр гарч байвал цусан дахь кетон гэж завсрын хортой бүтээгдхүүний хэмжээ ихэссэн байна. Агч модны чихэрлэг шүүс буюу шээсний өвчин туссан байх магадлалтай гэж үздэг. Бас амин хүчлүүд алдагдаж. Эрүүл хүн чихрийн шижин өвчтэй хүний биеэс ялгарч байгаа үнэр, шээс, хөлс гээд бүх үнэр өөр. Хүнээс загасны үнэр ялгардаг. Шээс, хөлс, амьсгалаас мууудсан загасных шиг үнэр үнэртээд байвал хоолонд агуулагдаж байгаа нянгийн хэмжээ өндөр байна гэсэн үг. Элэг нь өвчилсөн хүнээс эхүүн гашуун муудсан мэт үнэр үнэртдэг. Өтгөн шиг үнэр гараад байвал хоол нь шингэхгүй ходоодонд нь удаж илжирч ялзраад ходоодноос дээш үнэр нь гараад байна гэсэн үг. Мөн амны хөндий, хоолой өвдсөн бол таатай үнэр гарахгүй. Бидний биеэс дулаан ялгарна, бас дулаанаа алдана. Хүний биеийг бүрхсэн био соронзон цахилгаан орон үүсдэг, бид нарт харагдахгүй. Тэгэхээр үнэртэй холбоотойгоор биеийн энергийн бүрэн бүтэн байдал бас хамаарна. Эрүүл хүнээс эрүүл үнэр л гарна.
–Энергийн бүрэн бүтэн байдлыг хамаарах үнэр гэж та хүний биеэс ялгарч буй бүхий л үнэрийг хэлж байна уу?
-Бүгд нийлсэн үнэр шүү дээ. Тухайн хүний эрүүл мэнд, нас, амьдралын дадал хэвшил бүхнийг үнэр тодорхойлдог. Хөхөө хөхдөг хүүхэд, мах иддэг хүүхэд хоёрын үнэр огт өөр.. Цагаан хоолтой хүн, мах иддэг хүний үнэр огт өөр. Далайн амьтан иддэг япон, мах иддэг монгол хүн, тахиа загас иддэг орос хүнээс гурван өөр үнэр гарна. Үндэсний онцлогоос бас шалтгаална. Үнэрийг ашиглаж эмчилгээ хийдэг арга анагаах ухаанд бас байна. УАУ-д таван мэдрэхүйгээр эмчилдэг эмчилгээний арга гэж байдаг. Өрөнд орж, мөнгөө алдсан, стрессдээд сэтгэлээр унаж, нойргүй болчихсон, бие нь загатнадаг, шээс алддаг хүнийг ороод ирэхэд намуухан хөгжим эгшиглэнэ, голын чимээ, шувуудын жиргэнэ сонсгоно. Анхиулуун эфирийн тос, ургамал, тайвшруулах үйлчилгээтэй цэцгийн үнэр бүрдүүлнэ. Цэвэрхэн гартай, тайван, дөлгөөн эмч үзэхэд хүртэл нөлөөлнө. УАУ энэ мэтээр зургаан амт, зургаан мэдэрхүйгээр эмчилдэг. Таван мэдрэхүйн дээд талд дээд мэдрэхүй буюу билгийн мэлмий гэж бий. Тэр нь оюун ухаан, сэтгэл санааг чинь үнэлдэг. Ийм зургаан мэдрэхүйгээр эмчлэх бөгөөд үүн дунд үнэр гэдэг маш чухал.
–Та таван цэцгийн онолын тухай ойлголт өгөөч?
-Хамрыг бид нар амьсгалдаг, үнэрлэдэг эрхтэн гэж хардаг. Харин уламжлалт анагаах ухаанд үнэрлэх үйлийг явуулдаг хамрыг уушгины цэцэг гэдэг. Нүд элэгний цэцэг, хамар уушгины цэцэг, уруул дэлүүний цэцэг, хэл зүрхний цэцэг. Хэрвээ таны уушги өвдвөл, ханиад хүрвэл хамар битүүрдэг. Чих шуугиад загатнаад байвал тэр талын тань бөөр өвдсөн гэсэн үг. Мэ-дог буюу таван цэцгийн онол ийм. Уламжлалт анагаах ухаан ёгт үгээр нэрлэдэг. Цэцэг хүний нүдэнд ил харагддаг. Үндэс нь харагдахгүй. Тэгэхээр үндэс буюу домбуу нь таван цул эрхтэн. Энэ тавыг гадна талд нь эрүүл өвчтэй эсэхийг илэрхийлдэг таван цэцэг маань чих, хамар, нүд, уруул, хэл. Хэлнээс бас ходоодыг харж болдог. Уруул хагараад, яр гараад, хөхрөөд байвал дотор тал болохоо байж байна гэсэн үг.
-Амны эвгүй үнэр орчин тойрондоо маш таагүй байдал бий болгодог. Үүний нарийн учир шалтгаанууд нь юу байдаг бол?
-Сүүлийн үед амны хөндийн эмч “Амнаас чинь эвгүй үнэр гараад байвал 70 наслах тухай бодоод хэрэггүй” гэсэн утгатай мэдээлэл гаргасан байсан. Энэ бол өнгөцхөн таны шүд хорхойтоод байвал ходоод муудна, урт наслахгүй л гэсэн санаа юм. Амны эвгүй үнэр буйл, шүдний хорхой буюу үрэвсэл гээд амны хөндий асуудалтай л байвал үнэр гарна. Шүдний эмч нар эмчилгээ хийгээд л байна. Гэхдээ үр дүн бага гарна. Яагаад гэхээр хүний биед шүд, хумс, үс, арьс бүх яс ямар байх вэ гэдгийг идэж байгаа хүнс л хариуцдаг. Монгол хүн эрдэс агуулсан эрүүл уламжлалт хүнс хэрэглэхгүй л бол шүдээ өдрийн 10 угаагаад үр дүн гарахгүй. Цусан дотор байх ёстой яс бэхжүүлдэг эрдэс хангалттай байхгүй л бол шүд өвчилсөөр л байна. Шүдийг тэжээдэг тэжээл цусан дотор яваа ус, эрдэс, давс байхгүй юу. Тэрийг бид хүнсээр авна. Шүдний эмч нар уламжлалт анагаах ухаанаа мэдэхгүй учраас хэлж өгч чадахгүй. Европ анагаах ухаан хүнийг хэсэгчлээд задалчихдаг. Бөөрний эмч бөөр л ярина, шүдний эмч шүд л ярина. Ингэж хэт их тусгаарлаж салгаж судалдаг сул талаас болоод шүдний эмч нар бодисын солилцооны тухай ярих боломжгүй болчихсон. Эмч нарын буруу биш л дээ. Хүмүүс эрүүл зөв мэдээлэл рүү хандлагаа аваачих хэрэгтэй байгаа. Нэг тийм өнгөц зүйлд их хошуурдаг болчихсон. Энэ сонирхол дээр дөрөөлж мэдээлэл өгдөг байдал нэлээд давамгайлах янзтай. Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр үнэрийг дангаар нь ярих нь учир дутагдалтай.
-Сэтгэл гутралд орсон хүнээс нэг тийм салдаггүй үнэр байдаг тухай уншиж байсан?
-Үнэн. Аз жаргалтай, амьдрал нь тэгш, ирээдүйдээ итгэлтэй, эрүүл, нойр нь сайн, хүүхэд нь эрүүл, бүх юмандаа сэтгэл хангалуун байгаа хүний дотоод шүүрлийн систем, урвал нь хэвийн явагддаг. Архи уудаг, уурладаг, нойргүй, архи уудаггүй байсан ч ууртай хүний дотор явагдаж байгаа биохимийн урвалууд хэвийн байдлаа алддаг. Дотоод шүүрэл, цус, мэдрэлийн сэрэлийн урсгал, тунгалагийн урсгал хүний биеийг байнга тосолж тэжээж өнгөлж байдаг. Хэрвээ стресстэй ууртай бие доторх үрэвслийн биологийн идэвхт бодисыг ихээр ялгаруулж хүнээс таагүй мэдрэмж болон үнэр мэдрэгдэнэ.
-Таагүй үнэр хөлсөөр л илрэх үү?
-Бүх зүйлээр нь мэдрэгдэнэ. Хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, таагүй үнэр. Хамт олон дунд таагүй уур амьсгал бий болгодог хүмүүсээс тэр энерги нь үнэртдэг гэж үздэг. Үнэр хамарт мэдрэгдэхээс гадна монголчуудын оюун ухааны сэтгэлгээнд хүний дээд оюун ухааны чанарыг үнэрээр тодорхойлдог. Хүний үнэргүй амьтан бэ гэж байдаг шүү дээ. Энэ үнэр хандлага харилцааны хувьд хүний үнэрийн тухай ойлголт моншолчуудад байдаг. Уламжлалт анагаах ухаандаа ч үздэг. Тэгэхээр монголчуудын оюун ухааны сэтгэлгээ их өндөр түвшинд байдаг. Тухайн хүнээс орчин тойронд нь ялгарч байгаа таагүй хандлага, таагүй уур амьсгал үүсгэдэг байдлыг үнэр гэж томьёолж болдог. Хүний хандлага, зүрх сэтгэл өөрөө үнэртэй өнгөтэй. Зөвхөн хамарт үнэрлэгдэхээс гадна бид энергээр мэдэрч болох нь.
-Үнэр гэдэг харьцангуй ойлголт, хэчнээн эмгэг үнэртсэн ч тэр хайртай хүнд нь бол гоё-
-Үнэр таагүй байх нь орчноо стресстүүлдэг. Үнэргүй байхын тулд яах ёстой юм болоо?
-Амьд организм бүхэн өөрийн гэсэн үнэртэй байна. Нөгөө талаас хэн нэгэнд эвгүй үнэр байсан ч тэр нь хайртай хүнд нь гоё үнэртэнэ. Эмгэг үнэр ч байж болно. Гэхдээ тэр үнэр хайртай хүнийг нь санагдуулдаг учраас гоё. Үнэртэй байх, үнэргүй байх, гоё, муухай үнэр гэдэг харьцангуй ойлголт. Хил хязгаартай ойлголт. Усанд орох боломжгүй нөхцөл байдлын үнэр бол бас нэг өөр ойлголт. Би хөдөөгүүр явж үзлэг хийдэг. Бүгд үнэртэй. Тэд нар өдөр болгон хөлөө угааж чадахгүй шүү дээ. Малд явна, хоол иднэ, алхана, хөлрөнө. Тодорхой үнэр ялгарах нь гарцаагүй. Харин үүнийг хувь хүний болон нийтийн ариун цэвэр гэдэг утгаар угааж, арчиж, цэвэрлэх бол өөр ойлголт. Олон нийтэд үнэр аль болох бага л байвал сайн. Та яаж үнэргүй байх вэ гэж их сонин асуулт асуулаа. Үнэргүй байя гэвэл хурдан үхэх л хэрэгтэй. Учир нь амьд организм л бол үнэртэй. Үнэр өвчнийг заана. Шээсээ барьдаггүй хүнээс шинхэг үнэртэнэ. Энэ олон удаа үр хөндөлт хийлгэсэн, олон төрсөн, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг ямар нэг эмгэг байгааг л зааж байна. Өөрөө хүсээд тийм үнэр гаргаагүй учраас эмчлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар үнэр дээр их ухаалаг хандах хэрэгтэй. Амаа, хирээ угаагаагүй бол ариун цэвэртэй холбоотой. Элэгний хордлогод орсон бол эхүүн, ходоодны шингээлт муутай бол исгэлэн үнэр гардаг. Буруу хоол идвэл хоорондоо урвалд ороод бас нэг өөр үнэр амнаас гарна.
-Жишээ нь…?
-Уламжлалт анагаах ухаанд хоорондоо үл тохирох идээ ундаа гэж бий. Загасны мах идээд араас нь сүү уух, архи уучхаад тараг, жимс идчхээд тараг уух ч юмуу. Үл зохилдох идээ ундаа 36 градусын битүү агааргүй орчинд орохоороо хоорондоо урвалд ороод исээд ялзарна. Ингээд хортой хийгээр дээшээ хэхэрнэ, доошоо унгана. Тодорхой хэсэг нь цусаар шимэгдэж эргэлтэд ороод хоолны хордлогод болно. Идээ ундааны соёл гэдэг бол том шинжлэх ухаан. УАА бол эрүүл амьдрах ухаан. Үнэр бол үүний салшгүй нэг хэсэг нь.
–Таагүй үнэрийн үр дагаварт юу болдог вэ?
-Таагүй үнэрт бие организм хариу урвал өгнө. Хямарна, дотор муухайрна. Хүний бие чинь маш ухаалаг. Дасан зохицно, нөхөн төлжинө, өөрийгөө эмчилнэ. Бид унтаж байхдаа нөхөн төлждөг. Үүнийг дархлаа гэдэг. Эрүүл хүнээс эрүүл үнэр гарна. Эрүүл биш хүнээс эмгэг үнэр ялгарна. Үнэртээд байна гэж нэгнээ гадуурхах эсвэл өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Цаад шалтгааныг нь арилга. Өсвөр насны хүүхдүүдийг амнаас нь эвгүй үнэр, арьсаар нь тууралт батга гараад байна гээд ээжүүд хөтлөөд ирдэг. Батга гараад байна гэдэг чинь дотор талд нь бохирдол явагдаж, хортой бодис үүсээд цус руугаа орсон нь арьсан дээр илэрч байгаа юм. Гаднаас нь мянга тос түрхээд нэмэргүй. Цус бохир байна гэсэн үг. Тэгээд тэр хүүхдүүдийг эмчлэхээр хэдхэн хоногийн дотор сайхан болчихдог. Эрүүл хүн гэдэг чинь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, цэвэрхэн арьстай, хөл гар нь хүч тэнхээтэй байдаг. Харин өвчтэй хүн бол өнгө зүс муутай, нүдний гал нь буурсан, тамир тэнхээгүй харагдана. Ийм хүнээс таагүй үнэр гарна. Үнэр бол тухайн хүн эрүүл байгаа эсэхийг үнэлэх олон үнэлгээний нэг.