Монголын эдийн засгийг бүсчлэн хувааж түүнийхээ дагуу хөгжүүлэхээр “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-ийг хоёрдугаар сарын 1-2-ний өдрүүдэд зохиож байна. Уг чуулганд сонгуульд нэр дэвшихээр горилогчид, аймаг орон нутгийн удирдлагууд цуглажээ.
Угтаа “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-ийг хөгжлийн эдийн засагчид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, эрчим хүчний салбаруудын төлөөлөл, эдийн засгийн өсөлт, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын хямрал, технологийн засаглал зэргийн төлөв гаргах, гаргасан санаагаа нэгтгэж чадах мэргэжлийн инженерүүд оролцох учиртай байв.
Гэвч манай эдийн засгийн форумд улс төрч, намын хамаарал бүхий этгээдүүд түлхүү цуглажээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чуулган бус улс төрийн цуглаан, улс төрд горилогчдын чуулган энд болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр эдийн засгийг бүсчилж хөгжүүлэх, аль нэг аймгийг хөгжлөөр хоцрогдуулахгүй байх эерэг талтай боловч уг чуулганыг улс төрд горилогчдын тайз болгож, дэвшихээр горилж буй талбарт нь эдийн засгийн чуулганыг хариуцуулсан аж.
Өнгөрсөн сард болсон Дэлхийн эдийн засгийн форум нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд болж өндөрлөсөн. Үүнээс жишээлэхэд, 1000 гишүүн компанийн гүйцэтгэх захирлууд, сонгогдсон улс төрчид, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, шашны төлөөлөгчдийг урилгаар оролцуулсан. Ингэснээр тус чуулганыг илүү оновчтой, тэнцвэртэй байх шалгуурыг хангаж даяаршил, хөрөнгийн зах зээл, баялгийн менежмент, олон улсын мөргөлдөөн, байгаль орчны асуудал, тэдгээрийн боломжит шийдлийг ярилцах нөхцөл бүрдсэн билээ. Хэвлэл мэдээллийнхэнд ч уг чуулганаас мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргүүлэх боломжийг эх сурвалжийн тэнцвэртэй байдлаар хангаад байв.
Харин манай улс эдийн засгийн реформ, бүс тус бүр дэх төлөвлөлт хийх тухай чуулахдаа улс төрийн хүрээг цуглууллаа. Үүнийг сонгуулийн тойргийг бүсчилсэнтэй уялдуулан харж ч болно. Ингэхдээ эдийн бүсчлэлд орж буй тойргоос нэр дэвшигчид тус бүсүүддээ хувиарлагдсан байв.
Тухайлбал эдийн засгийн бүсэд,
- Баруун бүс- Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан
- Хангайн бүс- Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай
- Зүүн бүс- Дорнод, Сүхбаатар, Хэнтий
- Говийн бүс- Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь
- Төвийн бүс- Төв, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Орхон