Монголын ахмад архетикторууд Урт цагааны барилгыг нурааж, буулгахыг эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Цаашид судлаачдын зүгээс Улаанбаатар хот ямар үүх түүхтэй, архетиктурын дурсгалтай вэ, хотод ямар соёлын өв байна, хэрхэн хамгаалах ёстой вэ гэдэг олон нийтэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Энэ талаар судлаач Г.Очбаяр ярихдаа “Яагаад өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудыг нураагаад байна вэ. Үүний нэг шалтгаан нь нийслэл хот нэг л хотын төвтэй. Энэ хотын төвдөө хэт төвлөрч, барилга барьж байгаа учраас энэ бүхэн түүхэн дурсгалт барилгыг буулгах, нураах нөхцөл болж байна. Хотын шинэ дэд төв байгуулна гэж ярьдаг ч бодитой ажил болж чадаагүй. Яармагийн бүс нутаг дэд төв биш суурьшлын бүс болсон. Тэнд ажлын байр байхгүй. Тиймээс хүссэн хүсээгүй Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу орчимд барилга байшингууд эрчимтэй баригдаж, хяналтгүйгээр зөвшөөрөл олгож байна.
Үүний үр дагавар нь Урт цагааны барилга юм. Хотын удирдлагууд болон иргэд соёлын өв гэж харахгүй байгаа нь харамсалтай. Социализмын үеийн орон зайг буулгаад дууслаа. Урт цагааны барилгыг буулгаад цэцэрлэгт хүрээлэн барих нь иргэдэд таатай санагдаж буй.
Гэтэл цэцэрлэгт хүрээлэнг хаана ч байгуулж болно. Нэг зүйлийг бий болгохын тулд хотынхоо ой санамжийг устгаад байвал түүхгүй хот болж хувирна. Урт цагааны барилга айхтар том хэмжээний бас нурж унах гэж байгаа барилга биш. Мэргэжлийн хяналтын олон удаагийн дүгнэлтийг харахад ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт байхгүй. Яахав урсгал засвар хийх шаардлагатай. Газар хөдлөлтөд тэсвэргүй байх магадлалтай гэсэн дүгнэлт л байдаг” гэв.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж эхэлсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч буй. Нийслэлийн өмчид харьяалагдаж ирсэн дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж, 2019 оноос эхлэн буулгах шийдвэр гарсан ч хэрэгжилгүй удсан. Харин өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа дээрх барилгыг хэрхэх шаардлагатай талаар иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь буулгаж, ногоон байгууламж барих шаардлагатай гэдэг санал өгсөн. Тодруулбал, 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж барихыг дэмжсэн юм. Мөн НИТХ-аас өнгөрсөн оны сүүлээр тус барилгыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тус байрыг чөлөөлөх шаардлагыг түрээслэгч нарт тавьсан байдаг. Харин одоо буулгаж байна. Ингэснээр тус барилгын суурин дээр хавраас бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм.
Гэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцэх үед П.Наранбаяр нарын зүгээс “Нийслэл соёлын өвөө устгаж болохгүй. Хуучны 43-хан барилга нийслэлийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Түүний нэг нь Урт цагааны гудамж. Өнөөгийн дүр төрхийг нь алдуулалгүй сэргээн засварлах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөж тавьж байв.