Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 3-ны 17:00 цагийн үед “Утсаараа яриулаач гээд миний утсыг аваад зугтчихлаа” гэх дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 31 настай, эрэгтэй Х-ийн “Samsung А14” загварын гар утсыг 40 настай, эрэгтэй О, 41 настай А нар бүлэглэн дээрэмдсэн үйлдлийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт:
- Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульд тусгагдсан.
Иймээс иргэд гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн Та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв