Хуварга хүн бизнес эрхлэхийг хориглосон хууль Монголд байхгүй. Энэ үүднээс дүгнэвэл хансүр Д.Чойжамц бизнес эрхлэх нь нээлттэй. Гэвчиг бурхан багш шунал хүсэл,үзэн ядах сэтгэл, харанхуй мунхгийн гурван хороос салахыг номлосон. Тэр талаас нь харвал түүний эл үйлдэл бурханы номлолтойгоо хэр нийцэж байгааг хэлэхэд хэцүү. Бурхан багшийн сургаальд заасан сэтгэлээр үйлдэх болон биеэр үйлдэх гурван нүглийн нэг нь: Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ. Энэ сургааль жирийн сүсэгтэн төдийгүй шашны мяндагтанд ч хамаатай байх.
Хансүр Д.Чойжамц нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийгмийн нэг хэсгээсээ тасраад баян тарган болоод тэнд бараг тусгаарлагдан амьдарч байгаа улсууд, энд үхрийн зүрх хувааж аваад өл залгуулан амь зууж байгаа хэсгээ яаж бүрэн ойлгохов дээ. Гэтэл энэ хоёрт идэж хэрэглэж, өмсч зүүж байгаа нь, сууж байгаа орон байр нь л хэтэрхий ялгаатай болохоос махан бие, бурхны өмнөх заяа төөрөг нь адилхан шүү дээ. Шунана гэдэг бол өөртөө байхгүйг буруу замаар олж авах сэтгэлийг, үйлдлийг хэлж байгаа юм. Байгаадаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэхийг “болио мэдэл” ч гэдэг” талаар хуучилсан байдаг. Ярилцлагыг нь уншихаар тэрбээр үнэхээр шунал хүсэлгүй бурханы шавь мэт. Харин хэвлэлээр цацагдаж буй мэдээллээс харвал хамба асан бурхан, номынхоо сургаалийг шавь мэт дагадаг уу гэдэг нь асуултын тэмдэг юм.
Учир нь, өнөөдөр түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөнгүй цацагдах болов. Тэрхүү мэдээллүүдэд дурдсан баримт сэлт Д.Чойжамц хансүрийг шашны мяндагтан гэхээсээ “МИАТ”-ийн мяндагтан болохыг харуулж байна.
“МИАТ” бол үеийн үед ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын өмч болж ирсэн. Ерөөс Монголд төрийн өмч нь жирийн иргэдийн өмч байдаггүй, аль нэг эрх мэдэлтэн эсвэл эрх ямба бүхий хүмүүс хувааж өмчилдөг, хулгайлж залгидаг жишээ цөөнгүй. Тэр л жишгийг “МИАТ” компани тойрсонгүй, олон жилийн турш улс төр- шашин-бизнесийн бүлэглэлүүдийн угжны LLC явж ирсэн байна.
2006 оны хоёрдугаар сарын 1-нээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Атал “МИАТ” компанид энэ хууль өнөөдрийн хүртэл үйлчилсэнгүй. Тус компани 2009 онд ямар ч тендергүйгээр, шууд худалдан авалтын Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг “Нүхт-тур” компанитай хоёр жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл, өнгөрсөн 15 жилийн “МИАТ” компанийн зорчигчдын хоолыг “Нүхт-тур” компани бэлтгэж ирсэн байна.
2009 оноос өмнө “МИАТ” компани зорчигчдынхоо хоолыг өөрөө бэлтгэж нийлүүлдэг байжээ. Гэтэл тус компанийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Г.Жаргалсайхан менежментийн хувьчлал нэрээр шашин-төрийн мяндагтнуудад дааль стандарт олгосон нь өдгөө хэл ам татлах болсон. Эндээс “МИАТ” компанид давуу эрхтэйгээр зорчигчдын хоолыг нийлүүлэх гэрээг “хувьчилж” авсан “Нүхт-тур” гэж хэний ямар компани вэ, яагаад хансүр Д.Чойжамц холбогдов гэсэн хардлага төрөх, асуулт тавигдах нь зүйн хэрэг. Ямар нэгэн гэрээ, контракт, наймаа хэлэлцээр ханцуй дотор явагдах тусам хар төрөх нь дамжиггүй.
Тэр тусмаа жирийн нэг хуварга эсвэл жижигхэн бизнес эрхлэгч “МИАТ”-д хоол нийлүүлэх гэрээ хийж чадахгүй. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн.
УБЕГ-т бүртгүүлснээр “Нүхт-тур” компанийг анх Н.Хандсүрэн, Д.Хоржав анх эзэмшиж байсан. Өдөө Н.Хандсүрэн нь хүүгийн хамт уг компанийг эзэмшдэг аж. Талийгаач Д.Хоржав нь хансүр Д.Чойжамцтай үй зайгүй, хар багаас нөхөрлөж ирсэн найзууд байсан гэдэг. Тэд хоёул Төв аймгийнх агаад УИХ-ын дарга асан М.Энхболдын их ойрын хүрээнийхэн аж. “Нүхт-тур” компанид давуу эрхтэйгээр зорчигчдын хоолыг нийлүүлэх гэрээг олгосон “МИАТ”-ын гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан ч мөн Төв аймгийнх. Ийнхүү Төв аймгийн улс төр-шашны бүлэглэлүүд “МИАТ”-ийн зорчигчдын хоолноос зоотлоо баяжсан түүх ингэж эхэлсэн байдаг. Тус компанийн гэрээ үйлчилгээг цуцлах яриа хөөрөө өрнөх бүрт Д.Чойжамц хансүрийн оролцоо их байсныг улс төрийн хүрээнийхэн ч ярьдаг, хэлдэг. Манай дарга нарын сүсэг ихтэйг хэлэх үү, Монголын бурханы шашны хамаг том “эрх мэдэлтэн”-ий үгнээс гарахгүй байх шалтаг, шалтгаантай ч байсан биз. Ямар ч байсан л хансүр Д.Чойжамцаар толгойлуулсан Төв аймгийнхны улс төр- шашин-бизнесийн бүлэглэлийнхний “болио мэдэл”-д цэг тавих цаг болсон уу, болсон.