Крымийн хойгийн зүүн эргийн Феодосия боомтод байрлаж байсан Оросын Хар тэнгисийн флотын байлдааны томоохон хөлгийг устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин өчигдөр зарласан юм.
Даваагаас Мягмар гарагт шилжих шөнийн 3:00 цагийн орчимд харвасан далавчит пуужингийн цохилтод Новочеркасск десантын хөлөг онгоц өртсөн тухай мэдээлсэн байна.
Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул Феодосия хотыг бүхэлд нь доргиож, эргээс хол зайтай оршдог барилгуудын цонх хүртэл хагарсан тухай гэрчүүд мэдээлжээ.
“Оросын тэнгисийн флот улам жижигхэн боллоо” гэж Украины агаарын хүчний дэслэгч генерал Микола Олещук өчигдөр Телеграм хуудсандаа бичсэн юм.
Украины агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат “Цохилт болон дэлбэрэлт ямар хүчтэй байсныг бид харлаа. Ийм хүчтэй цохилтод хөлөг онгоц тэсэж үлдэх маш хэцүү” гэж хэвлэлд ярьжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Новочеркасск хөлөг Украины пуужингийн цохилтод өртсөнийг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ талаар ерөнхийлөгч Владимир Путинд илтгэснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Үүнээс харвал цохилтын үр дүн үнэхээр ноцтой байсан бололтой.
“Дайсан Феодосия орчимд цохилт өглөө. Боомтын бүсийг битүүмжилсэн. Одоогоор гал түймрийг цурамд оруулаад байна” гэж Крымийн захирагч Сергей Аксёнов сошиал хуудсандаа бичсэн юм.
Энэ үеэр нэг хүн алагдаж, хоёр хүн шархадсан гэхээс өөр хохирлын талаар тэр дурдаагүй байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский агаарын зэвсэгт хүчний дайчдадаа “тусгайлан баяр хүргэсэн” ч цохилтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
2014 онд ОХУ өөртөө хүчээр нэгтгэсэн Крымийн хойг энэ дайны турш Украины агаарын цохилтын бай болж байгаа.
Хэд хэдэн амжилттай ажиллагааны дараа Украины тал Хар тэнгисээр үр тарианы экспортоо үргэлжлүүлэх боломжтой болсон юм.
Энэ оны наймдугаар сараас хойш Украин улс 10 сая тонн ачааг Хар тэнгисээр тээвэрлэсний ихэнх нь үр тариа байжээ.
Олон тооны танк болон явган цэрэг тээвэрлэн эрэгт буулгах зориулалттай Новочеркасск хөлгийг Оросын тал Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт зэр зэвсэг тээвэрлэн хүргэх зориулалтаар ашиглаж байсан ба өчигдрийн цохилтын үеэр уг хөлөг Иранд үйлдвэрлэсэн Шахед дрон тээвэрлэж байсан гэж үзэж байгаагаа Украины тал мэдээлжээ.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Украины арми Оросын Хар тэнгисийн флотын 20 хувийг устгасан байх магадлалтай гэсэн үнэлгээг Их Британийн тагнуулын алба өчигдөр гаргасан байна.
Эх сурвалж: Reuters