Тэсгим өвлийн хүйтэнд зорчигчийн тэжээвэр муурыг вагоноос гаргаж хаясан харгис үйлдэлтэй холбоотой дуулианы улмаас Оросын Төмөр Зам (РЖД) компани дотоод журамдаа өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр Екатеринбург хотоос Ленинград мужийн чиглэлд зорчиж байсан галт тэрэгний ажилтан нэг муур олсноо вагоноос гаргаж хаясан юм байна.
Ажилтан уг муурыг золбин гэж бодсон ч нэг зорчигчийн зохих ёсны тасалбартай Твикс нэртэй тэжээвэр муур байжээ. Эзнийгээ унтаж байх үед торноосоо гарсан муур вагон дотор тэнэж яваад ийнхүү баригдсан юм байна.
Галт тэрэг Киров хотын ойролцоо явж байх үед муур хаягдсан ба үхсэнийг нь өчигдөр буюу Бямба гарагт хүмүүс олжээ. Кировын ойролцоо сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн -30 хэмийн хүйтэн байсан тул муурыг хөлдөж үхсэн гэж дүгнэсэн байна.
Эзэн нь хүмүүсээс тусламж хүссэний дараа хэдэн зуун сайн дурынхан Твиксийг төмөр зам дагуу хайж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд 70,000 орчим хүн муурыг гадагш гаргаж хаясан төмөр замын эмэгтэй ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан уриалгад гарын үсэг зурсан байна.
Өөр 200,000 орчим хүн уг ажилтнаа халахыг Оросын Төмөр Зам компаниас шаарджээ.
Оросын Төмөр Зам компани өчигдөр хүмүүсээс уучлал гуйж, дотоод журамдаа өөрчлөлт оруулж байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ буруутай ажилтныг халсан талаар дурдаагүй юм.
“Твикс муур үхсэнд бид гүнээ харамсаж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
“Цаашдаа дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд бид ажилчдадаа вагоноос тэжээвэр амьтан гаргаж хаяхыг хориглолоо. Ийм тохиолдолд тэд олсон амьтдаа өртөөний ажилтанд хүлээлгэн өгч, цааш амьтан хамгаалах байгууллагад хандаж байхаар журамд тусгаж байна” гэж Оросын Төмөр Зам компани мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC, ТАСС