Дэлхийн томоохон хот, суурингууд шинээр дагуул хот бий болгох замаар хүн амын төвлөрлөөс үүдсэн асуудлуудаа шийдсээр байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд төрөлжсөн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тухайлбал, Хонхор орчимд хэрэгжих “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд баталжээ.
Энэхүү төсөлд тусгаснаар Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун зүгт буюу “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XI хороо, Налайх дүүргийн III, VII хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4725 өрхийн 16.065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах ажээ.
Энэ бүс нутагт оршин суух иргэдийг нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангахаар тусгасан байна. Мөн энэ хүрээнд нийт 6400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм байна.
Харин баруун зүгт “Морингийн даваа орчмын хувьд 5325 өрхийн 21298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2010 хүүхдийн суудалтай 6 сургууль, 4080 хүүхдийн найман цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ. Ингэхдээ жишиг суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.
Эхний ээлжинд 9.98 га барилгажилтын төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх 31.7 тэрбум төгрөгийн,Морингийн даваа орчимд 11.4 га-д 84.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас танилцуулж байсан юм. Улмаар нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж.