Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь, хувцас бөс бараа гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.8 хувь, гэр ахуйн тавилга барааны бүлгийн үнэ 11.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувь өссөн нь инфляцад 2.1 нэгж хувь, хувцас, бөс, бараа, гутлын үнэ 12.5 хувь өссөн нь инфляцад 1.5 нэгж хувиар голлон нөлөөлжээ. Мах, гурил, талх зэрэг голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 31.7 хувийг эзэлж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны тавдугаар сард 16.2 хувь гарсан бол энэ оны тавдугаар сард 11.3 хувь болж өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар буурсан байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Нийт аймгийн хэмжээнд энэ оны тавдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.7-14.8 хувиар өссөн байна. Үүнээс Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 14.8 хувиар өссөн нь хамгийн өндөр байгааг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов мэдээллээ.