Хэдхэн жилийн өмнө Европоос тод оддыг мөнгөөр зодож, лигтээ авчирч байсан Хятадын хөлбөмбөг жинхэнэ утгаараа уналтад орж байна. Өчигдөр/2024.01.22/ Азийн цомын тэмцээний хүрээнд Хятадын шигшээ баг сүүлийн тоглолтоо Катарын эсрэг хийн 0-1 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ бараг л өндөрлүүлэв. Хятадын шигшээ энэ удаагийн тивийн аваргад нийт гурван тоглолт хийснээс хоёр тэнцэж, нэг хожигдож, ганц ч гоол оруулж чадсангүй.
Хятадын шигшээ баг дэлхийн чансааны 79 дүгээрт бичигдэж байна. Тэд өөрсдөөсөө чансаа доогуур Тажикстан, Ливаныг хожих бүү хэл гоол ч оруулж чадсангүй.
Бараг гэдгийг учир нь тивийн аваргын зургаан хэсгийн гуравдугаарт орсон багуудаас хамгийн өндөр амжилттай дөрөв нь дараагийн шатанд шалгарах учиртай. Хятад одоогоор хоёр оноотой байгаа бөгөөд бусад хэсгийн тоглолтууд ирэх өдрүүдэд болно.
Хятадын шигшээг 2026 оны дэлхийн аваргад оруулна гэж том амлалт өгсөн ахлах дасгалжуулагч Янкович өчигдрийн тоглолтын дараа “Би Хятадад зургаан жил ажиллаа. Хятадын хөлбөмбөгийн бүхэл бүтэн нэг үеийг бэлтгэлээ. Зүүн Азийн цом, дэлхийн аваргын урьдчилсан шат, одоо Азийн цомд шигшээ багийг нь удирдлаа. Энэ бүхэн надад үнэ цэнтэй. Харамсах зүйлгүй, бүхнээ зориулж байна. Надад одоо харамсах зүйл үгүй. Бид чадах бүхнээ хийлээ. Дэлхий дээр хоёр л төрлийн дасгалжуулагч бий. Нэг нь халагдсан, нөгөөх нь удахгүй халагдах. Дасгалжуулагчийн ажил хийж байгаа л бол хоёуланг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би бол халагдах өдрөө хүлээж айдаг хүн биш. Аймхай хүн дасгалжуулагч болж чадахгүй” гэжээ.
Хятадын хөлбөмбөгийн уналт үргэлжилсээр байна. Саяхан л ид үеийн Гарет Бэйлийг авахаар Реал Мадридтай үнэ хаялцаж байсан тус улсын клубууд одоо багийнхаа автобусыг зарж, хөрөнгө босгож буй. Сүүлд л гэхэд Шэньчжэнь хотын баг өрөө төлөх чадамжгүй болж дампуурлаа зарлан, Хятадын супер лигт оролцох боломжгүй болжээ.
Хятадын дотоодын хөлбөмбөг ч тэр, шигшээ баг нь ч тэр бүрэн утгаараа уналтад орлоо. Хөрөнгө, мөнгө нь элбэг дэлбэг байлаа ч зөв менежмент, дотоодын боловсон хүчин, ур чадвараа анхаарахгүй бол сүйрэлд хүрдэг гэдгийн тод жишээ Хятад болов. Удахгүй Саудын Араб ч тэдний араас орохыг үгүйсгэхгүй.