Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2023.12.27/ Б.Наранчулуун, Ц.Долгормаа, Б.Хулан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцээд, татгалзсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж буй юм байна.
Тодруулбал, Б.Наранчулууны нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Хулан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах, 10 сая төгрөгөөр торгох ял, Ц.Долгормаа, У.Жаргалсайхан нар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял, Ц.Наранчимэг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял тус тус эдлэх болж байна.
Сануулахад, Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарыг бусдад хахууль өгсөн үндэслэлээр 2016 оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгаж, яллагдагчаар татаж байсан билээ