УИХ-ын дарга Г.Занданшатартай Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга уулзсан талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувиар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хамтран ажиллаж байсны хувьд Г.Занданшатарт энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд тавьсан гэж яриад байгаа. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа.
УИХ-ын дарга хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудлаас намайг баривчлахаар дайрч байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гадаадын компаниуд орохыг ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулийн төслийг эргэн хараач ээ гэсэн саналтай байна. Өрөөсгөл олон ургальч үзэл байхгүй байна. Улс төрийн, бүлэг шийдвэр гаргалаа гээд яваад байвал, гурван сая монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Монгол Улсын хууль тогтоомж өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэж өөрчлөгдөж байгаа. Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар нэг үл ойлголцол байхгүй.