“Орон нутгийн дугаартай автомашин нийслэлд 48 цагаас илүү зорчвол өндөр төлбөр төлнө” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас тодруулахад, “Уг асуудал нь одоогоор журмын хэмжээнд яригдаж байгаа” гэв.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдол болон, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл хийх үедээ хөдөө орон нутгийн автомашины талаар ярьсан аж.
Тэрбээр, “Хөдөө орон нутгаас орж ирэхэд гурван авто зогсоол байршуулж RFID наалтыг наана. Орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод 48 цагт одоогийн тарифаар буюу 1000 төгрөгөөр, 48 цагаас илүү гарвал өндөр татвар төлж зорчино” хэмээсэн юм.
RFID наалт нь тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм. Нэг ёсны татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг багтаасан сан үүснэ гэсэн үг.