Цагаан сарын баярт зориулсан “Амар байна уу үзэсгэлэн” худалдаа эхэллээ. Бид ууц, цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгалын үнийг судлахаар тус үзэсгэлэнг зорилоо.
Уг үзэсгэлэнг эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Шинэ 100 айл” төвд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй.
Цааш очин ууцны үнэ асуухад 200-500 мянган төгрөгийн үнэтэй байв. Худалдаа эрхлэгч “Одоохондоо худалдаж авах хүн байхгүй л байна. Иргэд үнэ асуугаад л яваад өгчхөж байна. Гэхдээ манай ууцнууд цэвэрхэн, тарган шүү” гэж хэлэв.
Мөн Гадаа талбайд зарим худалдаа эрхлэгчид цагаан идээ, ууц, хөлдөөсөн жимсгэнэ худалдаалж байв. Тэдний нэг нь Ж.Эрдэнэжаргал. Баянхонгор аймгаас ирж цагаан идээгээ худалдаалж байгаа аж. “Долоодугаар сараас эхлэн цагаан идээгээ хурааж эхэлсэн. Ямар нэгэн хольцгүй, сайхан ааруул бий гэв. Үнийн хувьд ааруул 20-35 мянган төгрөгийн үнэтэй” гэлээ. Үзэсгэлэн худалдаанд ааруулын дундаж үнэ 25-40 мянган төгрөгийн үнэтэй байв.
Үзэсгэлэн хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.