Ипотекийн зээлийн тогтолцоог Засгийн газар үе шаттайгаар Монголбанкнаас шилжүүлэх авах учиртай.
Гэвч энэ онд ипотекийн зээлийг хариуцах эзэн үгүй болж, дараалал уртсаж олгож байгаа эсэх нь ч ойлгомжгүй болж иргэдийг бухимдуулсан. Улмаар Монголбанк дахин хариуцахаар болоод буй.
Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулахаар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэжээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Бид хэд хэдэн багц дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл залууст зориулсан миний анхны орон сууц, төрийн албан хаагч, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд зориулсан гэх зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлээд явна.
Ипотекийн зээлийг тодорхой зорилтот бүлгүүд буюу ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийг хийхэд зарцуулна.
Тухайлбал Түрээсийн орон сууц. Үүнийг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа өндөр, жишээлбэл бусад улс оронд 20, 30 жилийн урт хугацаатай байхаар орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх юм.
2024 онд багтаж энэ тогтолцоонд шилжих юм. Арилжааны орон сууцны хөтөлбөрүүд мэдээж хэрэг үргэлжилнэ. Шинээр орж ирж байгаа зүйл нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулах хөтөлбөртэй болж байна” гэлээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү. Зээл олдохгүй байна, оочер их байна гэж байгаа шүү дээ?
– Нийт 7.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хүрээнд гаргасан байна. Жилд 600-700 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол хангалттай хэмжээ. Бүгдийг нь нэг жилд 100 хувь хангах боломжгүй. 700 тэрбум төгрөг гаргаж байгаа нь манай эдийн засагт зарим сөрөг нөлөөллийг үзүүлдгийг анхаарах ёстой. Үүнээс хэтрүүлбэл хүндрэл үүснэ. Учир нь орон сууцны нийт орцын 70 хувь нь импорт.
Орон сууц барих тусам валютын нөөцийг гадагш урсгана. Ингэхээр ханш өөрчлөгдөж, барилгын м.кв-ын үнэ нэмэгдэх болчихдог.
Ипотекийн зээлийг явуулахдаа эдийн засгийн чадамжтайгаа уялдуулж гаргах ёстой болохоос биш хүссэнээр нь гаргах тухай байж болохгүй. Бидний тооцож буйгаар зээлийн эргэлтэд 7.2 их наяд төгрөг гарсан байгаа, түүний буцаан төлөлт 500-600 тэрбум төгрөгийг жилдээ ипотекийн зээлд зарцуулаад явна.
Харин эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийн санхүүжилтийг төсвөөс ч юм уу өөр хэлбэрээ зохицуулаад явна.
– Ипотекийн зээл хэзээ Засгийн газарт бүрэн шилжих вэ?
– 2024 онд. Өнөөдөр хүлээж авах корпорацаа байгуулсан гэсэн үг. Өмнө нь Монголбанк гол санхүүжилтээ аваад явж байсан. Үүнд асуудлууд байлаа. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлсөн, инфляцыг өдөөсөн. Нэг талаараа орон сууцны асуудал шийдэгдээд байсан ч, нөгөө талдаа валютын ханш өсөж байсан.
Орон сууцны гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийг Монголбанкнаас шууд санхүүжүүлж 2013, 2014 оны үед хэрэгжүүлсэн. Тэгэхэд валютын ханш 1,450 байснаа 2,100 болсон. Сая КОВИД-19-ийн үед нэг их наяд гаруй төгрөгийн ипотекийн санхүүжилт хийхэд валютын ханш 3,000 төгрөг гарсан. Тиймээс ипотекийн зээл валютын ханшид нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй.
Бид барилгын материал үйлдвэрлэдэггүй тул барилга барих хэрээр валют гадагшаа урсаж, ханш болон инфляцыг өсгөж байгаа. Иймээс эдийн засгийнхаа даах хэмжээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх ёстой.
– Эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэх нь ээ?
– Төсвөөс оролцоотой байна. Үндэсний орон сууцны корпорац захиалгаар, хамгийн хямд зардлаар орон сууц бариулна. Түүнд зөвхөн түрээсээр суулгана.