УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар М.Оюунчимэг гишүүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Тэрбээр,
“Хот байгуулалтын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу “Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх шатанд орсон. Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2040 онд Улаанбаатар хотын хүн амын 84 хувь нь орон сууцад, 16 хувийг гэр хорооллын бүсэд суурьшуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Гэр хорооллын газрын дахин төлөвлөх харилцааг Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд 2013-2023 оны хооронд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн шийдвэрээр гэр хорооллын 31 байршил 88 хэсэгчилсэн талбай, 1967.1 га газар, 23,096 нэгж талбарыг хамруулаад байна.
Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаас гадна бусад төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 20 байршил 58 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд 2023 оны байдлаар 17,984 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд 3135 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд 179.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Цаашид одоо хэрэгжиж буй төслүүдийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхэд 617.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнээс 2024 онд улс болон нийслэлийн төсвөөс 45.6 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байгааг Ц.Даваасүрэн сайд мэдээлэлдээ онцлов.