Түймрийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 99-т хүрсэн байна.
Вина-дель Мар, Валпарайсо гэх мэт хотуудад онц байдал зарлажээ. Мөн төвийн бүсэд амьдардаг хүмүүс орон гэрээ орхин явахад хүрсэн байна. Чилийн Үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албаны дарга Алваро Хормазабалын хэлснээр, 161 идэвхтэй түймэр гарч байгаа аж.
Хормазабал мэдэгдэхдээ гал сөнөөгчид эдгээр түймрийн 102-ыг нь хяналтдаа авч, 40-тэй нь идэвхтэй тэмцэх байгаа бол 19 ажиглалтад байгаа юм. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик даваа болон мягмар гарагуудыг түймэрт өртсөн хүмүүсийн төлөө гашуудах үндэсний өдрүүд болгон зарлажээ.
Чили улсын төв хэсэгт гарсан ойн түймрийн улмаас 51 хүн амь үрэгдсэн, нас барсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байна гэж албан тушаалтнууд мэдээлжээ. Түймэр гарсан Валпарайсо мужид нэг сая гаруй хүн оршин суудаг байна.
Тус улсын Дотоод хэргийн сайд Каролина Тоха “Валпарайсогийн нөхцөл байдал хамгийн эмзэг байна” хэмээж 2010 онд 500 орчим хүн амь үрэгдсэн газар хөдлөлтөөс хойших хамгийн хүнд гамшиг тохиож байна хэмээжээ.
Чили улсын Ерөнхийлөгч Габриэль Борич телевизээр дамжуулан ард түмэндээ үг хэлэхдээ “Нөхцөл байдал үнэхээр хэцүү байна” гэсэн юм. Тус улсад ойн түймэр зуны улиралд (дэлхийн бөмбөрцгийн өмнөд тал хагаст зун болж байгаа) түгээмэл тохиолддог байна.
Өнгөрсөн жил хэт халсны улмаас 27 хүн амь үрэгдэж, 400 мянга гаруй га талбай түймэрт шатсан юм. Дотоод хэргийн сайд Тоха “Энэ түймрийн хамарч буй газар нь өнгөрсөн жилийнхээс хамаагүй бага байгаа ч түймэр хурдацтай тарж байна” хэмээжээ.
Тухайлбал баасан гарагаас /2024.02.02/ бямба гарагийн /2024.02.03/ хооронд түймэрт өртсөн талбай 30 мянгаас 43 мянган га болж нэмэгдсэн байна. Түймэр хот суурин газруудтай ойртож байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм.
Валпарайсо мужид гарсан түймрийн улмаас 1,100 гаруй байшинд гэмтэл учирчээ. Цагдаа нар түймэртэй холбогдуулан нэг хүнийг баривчилжээ. Тодруулбал Чилийн төв хэсэгт орших Талка хотод оршин суудаг гагнуурч ажлаа хийж байхдаа гал алдаж, ойролцоох бэлчээрийн газарт үсэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters, CNN