Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудал дагуулаад зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ олон байдаг. Тэгвэл хот тохижилт, нийслэлийн өнгө үзэмж, цаашлаад иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах үүднээс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг буулгах ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүнээс 106 үйлчилгээний цэгийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаарх мэдээллийг өгч байна. Мөн шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны самбаруудыг буулгах, хүүхдийн тоглоомын талбай засварлах ажлыг дүүрэг тус бүрт хийж байгааг албаныхан хэлсэн юм.
Налайх дүүргийн хувьд тоглоомын талбай, зар сурталчилгааны самбаруудын шаардлагыг хангуулах талаар анхаарч ажиллаж байгаа гэлээ. Баянзүрх дүүрэг ТҮЦ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард 480 гаруй ТҮЦ эрхлэгчтэй уулзаж, дүүргээс баримталж байгаа бодлогоо танилцуулжээ.
Явган хүний гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар байрлуулсан ТҮЦ эрхлэгчдэд шаардах хуудас өгөхөөр төлөвлөсөн байна. Стандартын бус 495 хаяг байгаагаас 198 хаяг реклам, 71 тулгуурт самбарыг буулгуулжээ. Хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэхээс гадна аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.
Харин Баянгол дүүргийн зүгээс ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ долоо хоногт дугуйн зам хаасан зэрэг зөрчилтэй 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Сүхбаатар дүүргийн тухайд 25 байршилд ТҮЦ нүүлгэн шилжүүлнэ. Мөн шаардлага хангахгүй 58 самбарыг буулгасан байна.
Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн хувьд шаардлага хангаагүй байршилд үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдэд мэдэгдэх хуудас хүргээд нүүлгэн шилжүүлсэн гэв. Сонгинохайрхан дүүргээс дараах мэдээллийг өгсөн юм.
Засаг дарга Н.Алтаншагай: СХД-т 40 ТҮЦ нүүлгээд байна
– Манай дүүрэгт өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна.
Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна.
ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгааныг хэлж буй иргэд ч бас байна. Мөн орон сууцны дунд байрлуулан 11 ТҮЦ, эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн үйлчилгээний цэг ч бас байна. Холбогдох арга хэмжээг нь авч байна гэв.