Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.
Тодруулбал шинэ автобуснууд Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ3, Ч:50 Улаанхуаран-ТЭЦ3, Ч:59 Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлд зорчиж байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийгдэж байгаа бөгөөд дахин 300 шинэ автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.